Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Гэрэлцэцэг хэдийгээр тэтгэвэртээ гарсан хэдий ч ойр дотнынхонтойгоо хамтран “Хайнаг толгой” хоршоог үүсгэн байгуулсан юм. Тэдний хоршоо гар урлал, арвайн гурил зэргийг үйлдвэрлэдэг ажээ.
-Сайн байна уу. Хоршоогоо анх хэзээ нээж байсан бэ. Одоо ямар чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа вэ?
Сайн байна уу. Манай хоршоо байгуулагдаад 11 жил өнгөрчээ. Манайх оёдол, модон эдлэл, гурилын гээд нийт гурван цехтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
-Та үйлдвэрлэлүүдийнхээ талаар ярьж өгч болох уу? Гурилаа өөрөө тээрэмддэг үү?
Манайх Говь-Алтай, Булган нутгуудаас хөх арвай, халтар арвай, суль, сулхир гээд дөрвөн төрлийн түүхий эдээ авдаг.Үүнийхээ дараа уламжлалт аргаараа тээрэмдэж бэлтгээд арав гаруй жил өнгөрчээ. Харин модон эдлэлийн тухайд дээд талдаа 200 литр орохуйц хувин сав, шилэн хүзүүний дэр зэргийг модны цехдээ хийж байгаа.
-Таны хувьд хэдэн жилийн өмнө тэтгэвэртээ гарсан бэ. Хоршоо байгуулсны дараа таны амьдралд санхүүгийн хувьд туслалцаа болж чадаж байна уу?
Би дөрвөн хүүхэдтэй байсан учраас 2004 онд тэтгэвэртээ гарч байлаа. Тэтгэврийг минь 280 мянгаар тогтоосон ч амьдралд хүрэлцээгүй. Тийм учраас Дэлхийн зөн олон улсын байгууллагатай холбогдон ойр дотны хүмүүстэйгээ хамтраад 2012 онд хоршоогоо үүсгэж байсан. Гэсэн ч тухайн үед асуудал их гарна. Улсын бүртгэлд бүртгүүлэхтэй зэрэгцээд улсын татвар, нийгмийн даатгал толгой дээр унаад ирж байгаа юм шүү дээ. Арилжааны банкнуудын зүгээс тэтгэврийн насны хүнд бизнесийн зээл өгөхгүй гээд зээл олгодоггүй байсан. Тэгэхээр нь тэтгэврийнхээ зээлийн аваад баяжчихгүй, бараа тасарчихгүйхэн шиг явж байна даа.
-Хүмүүс 40 гараад ирэхээрээ гэрт сууж, тэтгэвэрт гарах нь сайхан юм шиг боддог. Гэтэл гэртээ нэгээс хоёр жил суусныхаа дараа зүгээр суух шиг хэцүү зүйл алга гэж ярьдаг шүү дээ. Таны хувь тэтгэвэрт гарах ямар санагдсан бэ?
Тэтгэвэрт гарсны дараах арав хоногт ажил хийж, цагт баригдахгүй байх нь жаргалтай юм шиг санагдаж байсан. Гэхдээ байнгын хөдөлгөөнтэй, хөдөлмөрлөдөг байсан хүн түүнээс урт хугацаагаар гэртээ сууж чадахгүй юм билээ. Хүн хөдлөх тусам л урт сайхан наслахын тулгуур юм шүү дээ. Би одоо 66 настай. Огт хөдөлмөрлөөгүй бол 60 хүрэх байсан болов уу гэж хааяа боддог. Олон түмэнтэйгээ мөр зэрэгцээд ажиллаад явах нь л жаргал юм даа.
-Төрөөс тэтгэвэрт гарсны дараа ахмадуудаа мартчихдаг тал бий шүү дээ. Тэгвэл ахмадуудад чиглэсэн ямар бодлого, дэмжлэг байвал зүгээр гэж та бодож байна вэ?
Анхнаас нь үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлье гэж байгаа үед нь дэмжээд өгөөсэй. Бидэнд зээл авъя гэвэл ББСБ өндөр хүүтэйгээр зээл олгоно уу гэхээс арилжааны банкнууд зээл өгдөггүй. Хөдөлмөр эрхлэлтийн албанаас ахмадууддаа 5 сая төгрөг өгдөг гэнэ лээ. Өмнө жил би байгууллагынхаа нэрээр өглөө гээд авч чадалгүй хасагдсан. Энэ жил бас хасагдсан байх гэж бодож байна. Энэ зүйлс дээр дэмжээд өгвөл бусдаар асуудалгүй дээ.