Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Даваа гарагт Германы канцлер Олаф Шольц, Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда нарыг хүлээн авч, Украинд үзүүлэх тусламжийн талаар хэлэлцжээ. Нэн ялангцяа, Херьсон мужийн далан дэлбэрэлтэд өртсөн тул Украинд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж хийгээд сөрөг довтолгоонд нь туслах цэрэг зэвсгийн тусламжийг голлон ярилцсан байна. Украины сөрөг довтолгооны талаар Э.Макрон "Бид үүнд туслахын тулд бүх зүйлийг хийсэн. Сум, зэвсэг, хуягт тээврийн хэрэгслийн нийлүүлэлтийг эрчимжүүллээ.
Мөн ойрын өдрүүдэд тусламжаа үргэлжлүүлэн өгөх болно” гэжээ. Даваа гарагт Украины арми тус улсын зүүн өмнөд хэсэгт 100 орчим километр фронтын дагуух долоон тосгоныг эргүүлэн авсан гэдгээ мэдэгдсэн. Э.Макрон энэ сөрөг довтолгоо хэдэн долоо хоног эсвэл хэдэн сар үргэлжилнэ гэж найдаж байгаагаа мөн хэлжээ. Харин Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда ирэх сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө Украины статусыг тодорхой болгох талаар хэлэв. Украины тал НАТО-гийн орнуудыг өөрийнх нь гишүүнчлэлийн талаар тодорхой байр суурь илтгэхийг илэрхийлсээр ирсэн билээ.
Германы канцлер Олаф Шольц энэ цаг үеийн нэн тэргүүний асуудал бол Украинд тусламж үзүүлэх явдал гэж тодорхойлсон байна. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд хугацаа үл хамааран Украинд тусалсаар байх болно гэдгээ Германы удирдагч илэрхийлжээ. НАТО-гийн гишүүнчлэл Украины хувьд эгзэгтэй асуудал хэвээр байна. Тухайлбал, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украины гишүүнчлэл нь дайны үед яригдах гол сэдэв биш гэж хойш тавьж байсан удаатай билээ.