Эквадорт нас барсан эмэгтэйн араас гашуудаж байсан хүмүүс түүнийг авсандаа амьд байсныг мэдсэн цочирдом үйл явдал болжээ. Тодруулбал, Бабахоёо хотын эмнэлгийн эмч 76 настай Белла Монтойяг цус харвасан байж болзошгүй хэмээгээд нас барсан гэж ар гэрийнхэнд нь дуулгасан байна. Улмаар түүнийг авсанд хийж, оршуулгын газар луу аваачсан бөгөөд төрөл төрөгсөд нь оршуулахаар ийн цугласан байжээ.
Тэд оршуулахаасаа өмнө түүний хувцсыг солихоор авсыг нь нээхэд Белла Монтойя амьсгалж эхэлсэн байна. "Миний ээж зүүн гараа хөдөлгөж, нүд, амаа нээж, хүндрэлтэй амьсгалж байсан" гэж түүний хүү Гилберт Балберан хэвлэлийнхэнд хэлжээ. Тухайн үйл явдлыг гэрчилсэн зарим иргэд бичлэг хийж, цахим сүлжээнд цацсан ба Белла Монтойя авсандаа амьсгал нь давчидсан байдалтай хэвтэж байсныг харуулсан байна.
Хэдхэн минутын дараа тусламжийн хүмүүс ирж, Белла Монтойяг авсаас дамнуурга дээр өргөж, нас барсан гэж зарласан эмнэлэг рүү нь буцааж авч явжээ. Одоо түүний бие дээрдэж байгаа ба хариу үйлдэл үзүүлж чадаж байгаа гэнэ. Харин Эквадорын эрүүл мэндийн яам уг хэргийг шалгах хороо байгуулж, ажиллаж эхэлжээ.