Өрөг.мн сайт “Эх орондоо үлдэнэ” цувралын энэ удаагийн дугаарт залуу хос болох Ц.Анхбаяр, У.Тэмүүлэн нарыг урилаа. Тэд хувиараа онлайн дэлгүүр ажиллуулж, өөрсдөдөө ажлын байр гаргаж яваа хөдөлмөрч залуусын төлөөлөл. 19 настайгаасаа онлайн худалдаа эрхэлсэн тэд хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантралгүй явсаар өнөөдөр байр, машинтай болжээ. Удахгүй өөрсдийн дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа тухайгаа бидэнд ярьсан юм. “Төр залуусаа эх оронд нь үлдээе гэвэл анхдагч хэрэгцээг нь хангаад өгчих хэрэгтэй. Монголоос явъя гэж бодоход хүргэдэг наад захын шалтгаан нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж байна шүү дээ” хэмээв.
16 НАСТАЙДАА ЭЭЖ БОЛСОН МИНЬ ИХ ХАРИУЦЛАГА МЭДРҮҮЛСЭН
У.Тэмүүлэн ярихдаа “Би 16 настайдаа ээж болж байлаа. Харин нөхөр маань 20 настай байсан. Жаахнаараа хүүхэдтэй болсон болохоор их хариуцлага мэдэрсэн. Ямар нэг юм хийх ёстой, эхлүүлэх хэрэгтэй гэж бодсон. Мэдээж, ах дүү нар ч маш их тусалж дэмжсэн. Гэхдээ бүх юмаа хүнээр даалгаад, хүнд даатгаад сууж шүү дээ. Ингээд бид хоёр бугуйвч хийж зардаг байлаа. Дараа нь онлайнаар бараа зарах нь зүгээр юм байна гэж шийдсэн. Манай хүн санхүүгийн мэргэжилтэй. Банканд ажилладаг байсан. Ажлаа орхиод хоёулаа хувийнхаа бизнесийг эхэлсэн. Мэдээж эрсдэл үүрсэн ажил байсан ч аль боломжоо дайчлаад л, бараагаа боож баглаад хүргэдэг байлаа. Дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн онлайн дэлгүүр маань овоо олон хэрэглэгчтэй боллоо. Дунд нь сошиал хаяг маань хоёр гурван ч удаа хаагдсан. Харамсалтай юм болсон. Гэхдээ шинээр дахин дахин нээгээд бараагаа борлуулаад явж байна. Нэр нь UGG Mongolia. Ирэх наймдугаар сард дэлгүүрээ нээх бодолтой байгаа.
ЗАЛУУ ГЭР БҮЛИЙГ ДЭМЖДЭГ БОДЛОГОТОЙ БАЙГААСАЙ
Залуус гадагшаа явахгүй, эх орондоо хичээж зүтгэх боломж байна. Гэхдээ төр анхдагч хэрэгцээг нь хангаж өгч чадахгүй байгаа нь гол асуудал. Жишээ нь, би одоо 24 настай. Нөхөр маань 28-тай. Бид хоёр дөрвөн хүүхдийн аав ээж. Том маань 8 настай. Харин бага маань дөнгөж төрөөд 10 хонож байна. Манай гэр бүлийн нэг гол асуудал нь цэцэрлэгийн хүртээмж. Хүүхдээ харуулах хүнгүй болохоор аав нь өдөржингөө машиндаа суулгаад бараагаа хүргэдэг байлаа. Халуун машинд өдөржин суугаад явснаас болж хүүхэд маань идээт үрэвслээр өвдсөн. Тэгэхээр хүүхдээ санаа амар цэцэрлэгт нь өгчхөөд ажлаа хийгээд явах боломжийг залууст бүрдүүлж өгөөсэй л гэж их хүсэж байна.
Өөр бас нэг зүйл нь олон хүүхэдтэй залуу гэр бүлийг төрөөс дэмждэг байгаасай. Наад захын жишээ нь цалинтай ээжийн 50 мянган төгрөг гэж байна. 50 мянган төгрөгөөр хүүхдийн нэг сүүг ч худалдаж авч хүрэхгүй шүү дээ. Мэдээж, төрөөс бэлэн мөнгө өгөөч гээд нэхээд байгаа юм биш. Гол нь, хүн амаа өсгөх бодлого гэж нэг юм байх ёстой шүү дээ.
24 НАСТАЙДАА БАЙР, МАШИНТАЙ БОЛЛОО, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙН ХАРИУ ИРДЭГ ЮМ БАЙНА
Бид хоёр өнөөдөр ямар ч байсан байр, машинтай боллоо. 24 насандаа өөрийнхөө хэмжээнд зорьсноо биелүүлсэндээ баяртай байна. Хичээл, зүтгэлийн хариу ирдэг юм байна. Мэдээж, шантармаар, болимоор үе зөндөө байсан. Гэхдээ бид хоёр юмыг хамгийн багадаа нэг жилээр төлөвлөдөг байсан. Богино хугацааны ганц, нэг сарын зорилго тавиад байвал тэр нь хэзээ ч биелэхгүй. “За, яг жилийн дараа гэхэд үр дүнгээ үзье. Жилийн дараа гэхэд тийм юманд хүрье” гээд хичээдэг байсан. Түүний хүчинд бид хоёр өнөөдрийн амжилтад хүрлээ.
Амар байгаагүй л дээ. Хамгийн гол нь хүн хичээвэл, зөв төлөвлөвөл, багаас нь эхэлсэн ч их зүйлд хүрдэг юм байна гэдгийг харж чадсандаа баяртай байна. Залуус минь битгий шантраарай. Битгий бууж өгөөрэй. Эх орондоо сайхан амьдарцгаая. Бид хоёр 16, 20 насандаа хүүхэдтэй болсон. Одоо ам бүл зургуулаа боллоо. Хүүхдийн тоогоор бид зорилго нэмж урагшилсан. Өнөөдөр мөрөөдөл, төлөвлөгөө минь биелээд явж байна. Хамтдаа хичээцгээе. Боломж үргэлж байдаг шүү. Гол хичээж байгаа залуусаа төр бодлогоор дэмжиж чаддаг, урам зоригийг нь мохоодоггүй байх л чухал. Тэгвэл залуус эх орондоо амьдарч, илүү их хичээж хөдөлмөрлөхөд бэлэн байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.