Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" Үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах "Баялаг бүтээгч-бизнес тур" аяллыг зохион байгуулж байна.
Үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид болон Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн нь нэг зоосны хоёр тал юм. Тийм учир Ерөнхийлөгчийн Тамгын газар үйлдвэрлэгчдэд чиглэсэн олон ажил зохион байгуулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр хэллээ.
Үүний нэг нь үйлдвэрлэгч нарыг чадавхжуулах, оюуны хөрөнгө оруулалт хийх, бизнесийг нь хөгжүүлэх "Баялаг бүтээгч-бизнес тур" аялал юм гэдгийг тодотгож байна. Цуврал аялалд одоогийн байдлаар давхардсан тоогоор нийт 250 үйлдвэрлэгч 15 үйлдвэртэй танилцаад байна.
Мөн 20 гаруй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 10 орчим шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэхээр судалгаа, туршилтын ажил эхэлжээ. Өөрөөр хэлбэл "Хүнсний хувьсгал" дор үндэсний үйлдвэрлэгчид нэгэн цул болж, ард түмнээ гарал үүсэл нь тодорхой, эрүүл, чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ажил өрнөж байна.
Монгол Улсад 73 мянга гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг ААН-үүд 40 орчим хувийг эзэлж байна. Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүст төрийн дэмжлэг бага, асуудлыг нь шийдэх нь байтугай, сонсох албан тушаалтан ч тэр бүр байдаггүй байв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлсэн нь өөрчлөлт, шинэчлэлтийн салхийг зөв тийш нь эргүүлсэн, том хүч болсон байна. Ганцхан жилийн хугацаанд Монголын хүнс үйлдвэрлэлийн салбар тасралтгүй ахиж дэвшиж байна гэж Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдэгдэж байна. "Баялаг бүтээгч-бизнес тур" аяллын 5 дахь удаагийнх энэ сарын 11-12-нд болж, энд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, "Хаан” банкны эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар, "Михачи" ХХК-ийн үүсгэн байгуулагч Томоко Ибукуро, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан нар, мөн үндэсний 50 гаруй үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо.