Цагдаагийн байгууллагад энэ сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS25” дэлгүүрт бага насны хүүхдээ орхиж явсан гэх дуудлага бүртгэгджээ.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хүүхдээ орхиж явсан иргэнийг өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна.
Эцэг, эх, асран хамгаалагч нар Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх” зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж, хүүхдийн эрхийг хангана уу.