Шотландын тэргүүн сайд асан Никола Стерженийг Шотландын Үндэсний намын санхүүгийн зөрчилтэй холбогдуулан баривчилжээ. Түүний баривчилгаа нь уг асуудлын хүрээнд гурав дахь нь бөгөөд энэ асуудал Шотланд даяар улс төрийн томоохон булхайг илчилж байна гэж олон нийт үзэж байна.
Тухайлбал, Никола Стержений нөхөр Петер Мюрел мөн тус намд өндөр албан тушаал хашдаг ба түүнийг дөрөвдүгээр сард баривчилсан аж. Түүний нөхөр Шотландын Үндэсний намд хандивын замаар орж ирсэн 754 мянган ам.долларыг завшсан хэрэгт холбогдож буй. Петер Мюреллийн холбогдож байгаа хэрэг үүгээр дуусахгүй ба эдгээр нь улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдалд хүргэсэн. Тус намын санхүүгийн асуудал эрхэлсэн өндөр албан тушаалтан ч мөн баривчлагдсан юм. Ингэснээр Шотландад хамгийн удаан хугацаанд тэргүүн сайдын албыг хашсан Никола Стержений хувьд ч тэр, намынх нь хувьд ч “маш муу” оноо авчирсан үйл явдал болж байна.
Улс төрийн санхүүжилтийн асуудал улс бүрт харилцан адилгүй байдлаар зохицуулагддаг. Жишээлбэл, ХБНГУ-д 1958 оноос улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлж эхэлсэн байдаг. Тус улсад улс төрийн намын тухай хуулиар хувь хүмүүсээс намд хандивласан 3.000.00 евро хүртэлх хандивын нийлбэрийг тусгасан байх ба хэрэв хувь хүн 3.000.00 еврогоос дээш хэмжээний хандив намд хандивласан бол илүү гарсан хандивын хэмжээг тусад нь тэмдэглэнэ зэргээр хязгаарладаг аж. Харин Ази тивд улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг хамгийн сайн зохицуулдаг улсыг Япон гэдэгт мэргэжилтнүүд санал нэгддэг байна. Манай улсын хувьд улс төрийн намын тухай хууль, тэр дундаа улс төрийн санхүүжилтийн асуудал ил тод бус, хамгийн эрсдэл үүсгэж болзошгүй асуудлуудын нэг хэвээр байна.