ОХУ-ын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэл болон тус улсын эрх баригчдын хооронд хэдэн сар үргэлжилсэн маргааны дараа ОХУ Вагнерыг шууд хяналтандаа авахаар хөдөлсөн бололтой гэж хэвлэлүүд онцолж байна.
ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Николай Панков бямба гарагт "сайн дурын цэргийн нэгдлүүд" ОХУ-ын батлан хамгаалах яамтай шууд гэрээ байгуулж болно гэсэн юм. Дээрх “сайн дурын” гэсэн тодорхой бус үг хэллэг нь Вагнер бүлэглэлийг онилсон гэж олон нийт таамаглаж байна. Нөгөө талд, Вагнерын тэргүүн Евгений Пригожин ням гарагт мэдэгдэл хийхдээ түүний цэргүүд уг гэрээг бойкотлох болно гэсэн юм. Вагнерийн цэргүүд Украины дайнд томоохон үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Оросын хүчний талд голлон тулалдаж байв. Гэвч хувийн улс төрийн амбиц өндөртэй гэгддэг Евгнеий Пригожин ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, цэргийн дарга Валерий Герасимов нартай олон сарын турш маргаантай байгаа юм.
Тэрбээр ОХУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтнуудыг чадваргүй, Украинд тулалдаж буй Вагнерын цэргүүдийг санаатайгаар зэвсгээр бүрэн хангаагүй гэж буруутгаж байсан удаатай. Бямба гарагийн уг мэдэгдэлд Вагнер болон бусад хагас цэрэгжсэн бүлэглэлүүд шууд дурдагдаагүй ч Оросын хэвлэлүүд шинэ гэрээ нь Пригожин болон түүний цэргүүдийг хяналтдаа байлгах алхам гэж үзэж байна. Харин тус улсын батлан хамгаалах яам энэ алхмыг Украинд байлдаж буй Оросын анги нэгтгэлүүдийн "үр нөлөөг нэмэгдүүлэх" зорилготой гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC