Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж эхлэв.
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар болон О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын гишүүдийн тус тусдаа боловсруулж, өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцэх тухай Улсын Их Хурлын даргын захирамж гарсан юм. Энэ дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ,
- Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэх,
- Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг товлох,
- Санал авах төв болон салбар комиссын чиг үүрэг, зохион байгуулалтын зарим асуудлыг тодорхой тусгах,
- Сонгогч тойрогт нэр дэвшигчид болон нам, эвсэлд санал өгөх тухай зохицуулалтыг зааж өгөх,
- Төрийн аудитын байгууллага, нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлан, сонгуулийн зардлын дээд хэмжээ зэргийг батлах,
- Тойрог бүрд нэр дэвшигчийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх, Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох,
- Нийгмийн төлөөллийн оролцоог бүрэн хангах, жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага явуулах,
- Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар хоёр удаа нягтлан шалгах зэрэг асуудлуудыг тусгажээ.
Хуулийн төслүүдийг нэгтгэхдээ Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын боловсруулж, өргөн мэдүүлсэн төслийг суурилан, О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын төслийн зохицуулалтыг нэгтгэсэн тухай Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн өчигдөр болсон байнгын хорооны хуралд дурдав.
Нэгтгэлийг зөвшөөрч байгаа эсэх талаар санал хураалт явуулах горимын санал гарган, санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Eлсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөлд
- Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах,
- Тойргоос болон жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 78/48 байхаар,
- Жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 1:1 байхаар тусгажээ.
Тойрогт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нар “40-өөс доошгүй” болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
- Нэг намын саналын босго 3.0 хувь,
- Хоёр нам бүхий эвслийн босго 5.0 хувь,
- Гурав болон түүнээс олон нам бүхий эвслийнх 7.0 хувь байх,
- Жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй,
- Намууд тойргийн мандатын 50-иас доошгүй хувьд нэр дэвшүүлэх,
- Жагсаалтаар нэр дэвшигчдийн цахим хуудсыг бүртгэх, цахим орчинд явуулах сурталчилгааны зардал нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын 15 хувиас хэтрэхгүй байх,
- Төсөвт тусаагүй нийгмийн халамж хамгааллын хөтөлбөр зарлах, амлалт өгөхийг хориглох,
- Сонгогчийн нэрийн жагсаалтын нэгдсэн санд бүртгэлийн хуудас авсан сонгогчийг ялган тэмдэглэж, хурууны хээгээр нэгдсэн санд таниулах,
- Сонгогчид жагсаалт дахь нэг нам, эвсэлд, эсхүл жагсаалтаар нэр дэвшигчээс нэгийг сонгож саналаа өгөх,
- Нэр дэвшигчид өгсөн саналыг тухайн нам, эвслийн саналд тооцох, жагсаалтаар нэр дэвшигчид гадаад улсад байгаа иргэдээс санал авах,
- Сонгогчдын нэрийн жагсаалт ил тод байх,
- Нийслэл, аймгийн төвд 400, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагч ажиллах,
- Нэр дэвшигчийн сонин, сэтгүүлийн хэмжээ хоёр хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй, ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудас байх,
- Аймаг, дүүргийн нэг хэсэгт тав, бусад газарт гурван зурагт самбар байрлуулах зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, хуулийн төсөлд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө олгохоор тусгасныг 22 болгож, хуучнаар нь үлдээх, мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, саналын хуудсанд нам, эвслийн нэрийг Улсын Их Хурлын өмнөх сонгуульд авсан суудал, саналын тооны ихээс бага руу жагсаах дарааллаар бичнэ гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасны Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн хамт өргөн мэдүүлсэн Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж, Эрүүгийн болон Монгол Улсын төсвийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн, хуулийн төслийн зүйл, заалтууд Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэнтэй холбоотойгоор сонгуулийн сурталчилгааны нэгдсэн зурагт самбарын зохицуулалт, сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоног болгохтой уялдуулсан өөрчлөлтийг хийх, хуулийг дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй нийцүүлэх асуудлаар Улсын Их Хурлын Тамгын газраас хууль зүйн дүгнэлт гаргуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.