Энэ сарын 10-нд Бангкок хотод ONE холбооны “ONE Fight Night 11” тэмцээн болно. Тэмцээнд аваргын бүсний төлөө хоёр тулаан болох бөгөөд холимог тулаанч З.Шинэчагтга Оросын боксчин Илья Фреймановтой нударга зөрүүлэх юм. Илья Фрейманов хувьд 27 настай. Холимог тулаанд нийт 13 тулалдаж, 11 ялсан. Үүнээс есийг нь хүнд цохилтоор хожсон байдаг. Одоо дөрөв дараалан ялаад байгаа залуу. Тай бокс, кик боксоор хичээллэж байсан бөгөөд Краснодар хотын Кузнч клубт хичээллэдэг.
Өнгөрсөн жил ONE холбоонд анхны тулаанаа хийж, алдарт Мартин Нгуенийг эхний үед буулгаж авсан тамирчин. Мэргэжилтэн шинжээчид тэр дороо Ильяг холбооны шинэ од хэмээн цоллож эхэлсэн юм. Манай тамирчныг ялахад аваргын бүсний тулаан хийх эрх ойртох тул энэ удаагийн тэмцээнд асар их ач холбогдол өгч байгаа нь тодорхой. Манай тамирчны хувьд ONE Championship холбоонд 5 тулалдаж, 4 ялсан үзүүлэлттэй. Харин сүүлийн тулаандаа хориотой цохилт хийж, ялагдсан юм.