Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох ажил эхэлсэн тухай онцоллоо. Мөн 20 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто зам засвар, арчлалт(АЗЗА)-ын 20 компанийг нэгтгэх шийдвэр гаргажээ. Улмаар тус бүрдээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 20 авто зам засвар, арчлалтын компанийг нэгтгэж, нийт 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болгон өөрчлөн байгуулж буй юм. Компаниудыг нэгтгэсний дараа олон нийтэд хувьцаа гаргах шийдвэр гарсан байна. Ингэснээр энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс энэ компанид хөрөнгө оруулах сонирхлыг татах боломж бүрдүүлэхээс гадна компанийн засаглалыг сайжруулж, үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ гэлээ.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар
- “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай
- Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам зэрэг 40 гаруй асуудлыг хэлэлцэж танилцжээ.
.