Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2023.06.06) хуралдаан 09 цаг 13 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлжээ. Дараах өрвөн асуудал хэлэлцсэн байна.
“Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцжээ.
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд,
- Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл,
- Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан,
- "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төсөлд тусгажээ.
Хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэхүү цагалвар хамаарахгүй юм.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь буюу Улсын Их Хурлын 8 гишүүн дэмжсэнээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.