Кино урлагийг дэмжих сангийн 2023 оны сонгон шалгаруулалт эхэлжээ. Үүнтэй холбогдуулан КУЗ-ийн гишүүн Н.Ганхуяг, Б.Түмэн-Өлзий нар мэдээлэл өглөө.
Энэ талаар ярихдаа, “Мэргэжлийн уран бүтээл нь мэргэжлийн, сонирхогчдын гэж хоёр хуваагддаг. Бид мэргэжлийн бүтээлийг дэмжинэ. Харин монгол хүн, зан заншил, байгаль ан амьтанд хэрцгийгээр хандсан, мансууруулах бодис, архи тамхи, ижил хүйстний агуулга бүхий, сурталчилсан бүтээлийг дэмжихгүй. Гэхдээ уран бүтээлчид нээлттэй кино хийх эрхтэй. Үүнийг хааж боосон зүйл байхгүй. Кино урлагийг дэмжих сангаас кино хийнэ гэсэн болгонд санхүүжилт өгөөд байдаггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Кино урлагийг дэмжих сангийн сонгон шалгаруулалтаас шалгарсан бүтээлүүд буцаан зээлээ төлөх, буцаан олгохгүй гэх хоёр төрлөөр явагддаг. Бид продакшн, уран бүтээлчидтэй маш хатуу гэрээ хийдэг. Хэрвээ тухайн бүтээл цагтаа гараагүй бол санхүүжилтээ буцаан төлөх гэрээтэй. Уг сангийн төсөв 10 тэрбум гэж байгаа ч өнгөрсөн жил Засгийн газар нэг гаруй тэрбум төгрөг олгосон" гэлээ.