Б.Идэр-Одыг койн, токен шинээр гаргаж, хөрөнгө төвлөрүүлсэн хэрэгт холбогдуулан интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар ЭЦА-наас мэдээллээ.
Энэ талаар ЭЦА-ны Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх албатай тэмцэх хэлтсийн дарга Сэргэлэнбаатар, “Б.Идэр-Одын талаар мэдээлэл өгөхөөс өмнө крипто валюттай холбоотой шалгаж байгаа хэргийн талаар мэдээлье. Сүүлийн таван жилд койн токен шинээр гаргаж, хөрөнгө татах үйл ажиллагаа эрчимтэй явагдсан. Энэ үеэр Цагдаагийн байгууллага, Санхүүгийн Зохицуулах хороотой хамтарч иргэдэд олон удаа сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байсан. Энэ оны хоёрдугаар сараас цагдаагийн байгууллага дотооддоо ажлын хэсэг гаргаад хөрөнгө татсан этгээдүүдийн үйл ажиллагаатай холбоотой шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Эхний удаа бид Санхүүгийн Зохицуулах Хорооны урьдчилсан үнэлгээгээр эрсдэлтэй буюу хоёрдогч зах зээлийн арилжаанд койн нь гараагүй байгаа 26 этгээдийн үйл ажиллагааг шалгаж байгаа. Энэ хүрээнд хоёр этгээдийг яллагдагчаар татсан байна. Койн гаргасан боловч татан төвлөрүүлсэн хөрөнгө байхгүй хоёр этгээдийн хэргийг хааж, мөрдөн шалгах ажиллагаагаар 22 хэргийг шалгаж байгаа. Улмаар иргэдэд 839 сая төгрөгийг буцаан олгосон.
Б.Идэр-Од гэх этгээдийг эрүүгийн тоот хэрэгт шалгах шаардлагатай. Өнгөрсөн оны гуравдугаар сард монголоос гарсан. Иймээс эрэн сурвалжлах үйл явцыг интерполын хөх буланд зарласан. Энэ хүний хаана байгааг тогтоох ажиллагааг олон улсад зарлах ажиллагаа гэсэн үг. Зарим мэдээллийн сайтаар энэ хүнийг интерполоор эрэн сурвалжлаагүй гэсэн мэдээлэл тавигдсан байсан. Учир нь нийтэд аюултай этгээдийн мэдээллийг нээлттэй тавьдаг. Энэ хүнийх нээлттэй биш байгаа байх. Тиймээс эргэлзээтэй асуудал бий болж байгаа. Бидэнд буй мэдээллээр Б.Идэр-Од нь өнгөрсөн хоёрдугаар сард Австралиас Америк руу явсан байна. Тэгэхээр Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагааны нарийн зүйлсийг мэдээлэх боломжгүй” гэв.