Украины өмнөд хэсгийн далан дэлбэрч, үерийн аюул нүүрлэлээ. Энэ дэлбэрэлтэд Украины арми болон НАТО ОХУ-ыг буруутгаж байгаа бол Оросын албаныхан Украинчуудыг буруутгаж байна.
Одоогийн байдлаар ойр орчмын бүс нутгуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд үерийн гамшиг нүүрлэх эрсдэлтэй байгаа юм. Оросын армийн хяналтад байгаа Херьсон муж дахь Нова Каховкагийн далангийн дэлбэрсэн шалтгаан тодорхойгүй байна. Украины арми сөрөг довтолгооны нэг хэсэг болгон энэ голыг гаталж, Оросын хяналтад байгаа нутаг дэвсгэрт цэргээ оруулахын тулд далангийн дээгүүр замыг ашиглана гэж эмээсний улмаас дэлбэлсэн байж болзошгүй гэж хөндлөнгийн судлаачид таамаглаж байна. Уг далан нь маш чухал бөгөөд хэд хэдэн зорилгоор үйлчилдэг аж.
Тодруулбал, голын эхэн хэсэгт орших олон хүн амыг усаар хангадаг асар том усан санг хадгалдаг. Мөн тариаланчид усаа түшиглэн үр тариагаа ургуулдаг тул усалгаатай холбоотой асуудал гарвал хэдэн арван мянган хүнд нөлөөлөх аюул үүссэн байна. Түүнчлэн энэ далан нь Оросын хяналтад байгаа Запорожье АЦС-д ус нийлүүлдэг. Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) цөмийн аюулгүй байдлын яаралтай эрсдэл байхгүй гэж мэдэгдсэн ч нөхцөл байдлыг ажиглаж байна.
SOURCE: BBC