Мал сүргийг байгалийн давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 783.3 мянган га газрыг Засгийн газрын тогтоолоор аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд аваад байна. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаас тодрууллаа. Тэрбээр:
“Хэнтий аймагт 192.8 мянган га талбайтай Хэрлэнбаян-Улааны отрын бүс
-Говьсүмбэр аймагт 73,1 мянган га талбайтай Малахын отрын бүс
-Завхан аймагт 68.3 мянган га бэлчээрийн талбайтай Бага хайрхан отрын бүс
-Говь-Алтай аймагт 118.6 мянган га талбайтай Аргалантын отрын бүс
-Дорнод аймагт 124.4 мянган га талбайтай Чойбалсангийн отрын бүс
-Булган аймагт 34.1 мянган га талбайтай Чилэнгийн отрын бүс
-Өвөрхангай аймагт 37.9 мянган га талбайтай Хөхдэлийн отрын бүс
-Увс аймагт 28.9 мянган га талбайтай Ачитнуурын отрын бүс
-Ховд аймагт 105.2 мянган га талбайтай Баяннурууны отрын бүсийг Засгийн газрын тогтоолоор байгуулсан.
Энэ бүсэд малчдыг жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл нийт 150 хоногоос хэтрэхгүй хугацаанд нутаглуулж, зун, намрын улиралд мал оруулахгүй, чөлөөлөх арга хэмжээ авч ашиглалт, хамгаалалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ жилийн 2022-2023 оны тухайд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 9 отрын бүс нутагт 12 аймаг, нийслэлийн 46 сум, дүүргийн 673 өрхийн хонин толгойд шилжүүлсэнээр 590,813 толгой мал өвөлжиж, хаваржсан байна.
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор мал зөвшөөрөлгүй орж ирлээ гэдэг асуудал гарч байна. Гэхдээ аймаг орон нутагтай нь ярилцаад нэгэнт ороод ирсэн малыг тэнд нь өвөлжүүлж, хаваржуулах арга хэмжээ авсан. Гэхдээ дундын бэлчээрийн асуудалд хэд хэдэн асуудал тулгамдаж байна. Хамгийн чухал нь “Монгол Улсын нийт бэлчээрийн 10-аас багагүй хувийг улс, орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бэлчээр болгох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, малчид дундаа ашиглаж болох бэлчээрийн талбайг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Цаашдаа нэг аймгийн нэг сумын нутагт олон аймаг, өрхийн олон мянган мал оторлуулах нь зохимжгүй гэж үзэж байгаа. Ингэж аймаг сэлгэн отор нүүдэл хийхийн нэг сөрөг тал нь малын өвчин тархах нөлөө үзүүлж байна. Тиймээс цаашид отрын бүс нутагт зэргэлдээ аймгийн мал оторлохоос биш, аймаг дамжиж оторлохыг хориглох ёстой” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.