Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том, нэгдсэн арга хэмжээ “ICT EXPO-2023” нь “Mindgolia” уриан дор Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд 2023 оны 06 дугаар сарын 09,10,11 -ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн арга хэмжээний онцлог үйл явдал нь ерөнхий ивээн тэтгэгчээр Google компани, ивээн тэтгэгчээр Naver, Amazon, Upwards, Intersputnik, Huawei зэрэг байгууллагууд оролцож, өөрсдийн албан ёсны төлөөлөгчид нь илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “ICT FORUM MINDGOLIA 2023” -ын танхим 3-т болох үйл ажиллагаанд оролцон дараах оролцогчид “Кибер аюулгүй байдал ба өгөгдлийг сэргээх стратеги” болон “Байгууллага ба ажилчдын бүтээмжийг ахиулахад технологийн оролцоо” зэрэг салбарын чухал сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Энэхүү хэлэлцүүлэг нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын компаниудын олон улсад гарах бизнесийн шинэ боломжийг нэмэгдүүлэх, өргөн цар хүрээ бүхий ач холбогдолтой юм.
”ICT EXPO-2023” арга хэмжээний тухай
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ач холбогдол нь бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ хэв маяг нэгэнт бүрэлдэж буй энэ цаг үед технологийн суурь мэдлэгээ нэмэгдүүлэн, оюундаа хөрөнгө оруулах боломжийг ”ICT EXPO-2023” бий болгож байна.
Цаашлаад хөгжлийн хурдасгагч болсон тус салбарыг олон нийтэд илүү ойртуулах, салбарын хамтын ажиллагааг дэмжин, шинэ технологийг танилцуулах, гарааны бизнес эрхлэгчид дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, хөрөнгө оруулагчидтай холбох боломжууд бий болох юм.
Цахим хөгжил харилцаа холбооны яамны санаачилгаар зохион байгуулж буй тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, дэмжигч байгууллагаар “Боловсрол шинжлэх ухааны яам” болон “Нийслэлийн засаг даргын тамгын газар” хамтран ажиллаж байна.
Мөн салбарын шилдэг 150 гаруй компани оролцож, технологийн гайхамшгаар гурван өдрийн турш аялуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Иймд тус экспог зорин ирж, хамтдаа үр ашигтай, хүртээмжтэй, ухаалаг шийдлүүдтэй танилцахыг уриалж байна.
ЭНД дарж арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.