Энэтхэгийн Одиша мужийн зүүн хэсэгт орших Баласор хотод тус улсын түүхэн дэх хамгийн олон хүний амь насыг хохироосон галт тэрэгний осол болсны дараа эрх баригчид галт тэрэгний үйлчилгээг сэргээхээр яаравчлан аврах ажиллагаа дуусч, онхолдсон галт тэрэгнүүдийг замаас гаргасанаа мэдэгджээ.
Баасан гарагийн орой суудлын хоёр галт тэрэг болон ачааны галт тэрэг мөргөлдсөний улмаас 275 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн шархадсан байна. Эрх баригчид техникийн гэмтэл эсвэл хүний буруугаас үүдэн осолд хүргэсэн эсэхийг шалгаж байгаа гэнэ. Энэтхэгийн Төмөр замын сайд Ашвини Вайшнав "Шалтгааныг олж, буруутай хүмүүсийг тогтоосон" гэж Энэтхэгийн ANI агентлагт ярьж, засгийн газрын мэдээ гарах хүртэл дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Төмөр замын өндөр албан тушаалтнуудын мэдээлснээр Колкатагаас Ченнай руу явж байсан өндөр хурдны галт тэрэг болох Коромандель экспресс нь буруу шугам руу шилжиж, Баханага Базарын буудал дээр зогсож байсан хүнд даацын галт тэргийг мөргөсөн байна. Улмаар вагонууд нь эсрэг талын зам руу унасан бөгөөд Бангалор хотоос явж байсан “Howrah Express” хэмээх өндөр хурдны галт тэрэг тэднийг мөргөжээ.
SOURCE: CNN