Бид энэ удаа найруулагч, зураглаач Amry буюу Ц.Амартүвшинтэй ярилцлаа. Түүний хувьд кино урлагийн садбарт амьдралынхаа 10 гаруй жилийг өнгөрүүлсэн. Энэ хугацаанд юу туулж, юуг даван өнөөдрийг хүрсэн талаараа болон залуу уран бүтээлчийн нүдээр бидний амьдарч буй нийгэм хэрхэн харагдаж буй тухай ярьсан юм.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаасаа хуваалцаач?
-Сүүлийн үед гэх юм бол оны өмнө “Хэрмэл жүжигчид” киногоо нээсэн. Энэ жилийн хоёр дахь уран бүтээл “Цагаан эрэг” киногоо зургаадугаар сарын 9-нд нээх гээд байж байна даа.
-Та жүжигчин мэргэжилтэй юм билээ. Яагаад кино зураглаач, найруулагчаар ажиллах болов оо?
-СУИС төгсөхөөсөө өмнө студи байгуулчихсан дураараа, шууд гал руу гараа дүрчихдэг оюутан байсан. Тэр эрчээрээ өнөөдрийг хүртэл явж л байна. Ер нь уран бүтээлчид залуу насандаа л гоё уран бүтээлүүд хийсэн байдаг шүү дээ. Нас ахих тусмаа улам хашир болж эрсдэл бодох нь ихсээд гэдэг шиг. Одоо ч дээд үеийн ах эгч нараа харахад тийм хандлага байдаг. Аль болох тийм болохгүй юм сан гэж боддог. Магадгүй 40 гараад жүжигчнээрээ ажиллах ч юм билүү. Мэдэхгүй шүү дээ.
-F студи, Фантастик продакшн гээд холбоо үг шиг явах болж. Энд хүрэх гэж их зүйлийг туулсан байх. Тийм үү?
-Үзэж туулах ч юу байх вэ. Жоомтой өрөөнөөс л эхэлж байсан. Бид чинь жоомнуудаа Жони энэ тэр гээд нэрлэчихсэн байдаг байсан. Студи байгуулаад хэн ч тоохгүй. Ямар ч ажлын санал байхгүй. Өөрөө гардаад хийж бүтээсэн зүйл байхгүй. Хүсэл эрмэлзэл л байсан. Бас нэг түрээсийн газар ороод байгаа юм аа. Нэг байрны пудвол түрээслээд л. Тэр нь битүү жоомтой байгаад л. Цаана нь бараг сүнстэй өрөө байгаад байгаа юм уу, яагаад байгаа юм. Нэг тиймэрхүү орчинд байдаг л байсан. Камераа үүрээд хөлийг нь, хоёр гэрэлтэйгээ барьчихсан бороотойд такси бариад л очиж нэг юм хийх гээд байгаа болтой явдаг л байлаа.. Би нэг их…
Сошиалаар томроод байдаг хүмүүс байдаг шүү дээ. Аймар аймар юм яриад л… Унаж бос ч гэж байх шиг. Тийм зүйл биш шүү дээ. Энэ бол байдаг л асуудал. Хүн бүрт л тохиолдох асуудал. Үүнийг манайхан их амжилтын үндэс болгож ярих юм. Хэний ч хийгээгүйг хийсэн юм шиг. Бүгд нэг тогоонд, нэг жижигхэн хотод амьдарч байгаа юм байж. Тийм тасарчихсан юм шиг мэдрэмж төрүүлэх хэрэггүй. Надад бол энэ байтугай асуудал байсан. Оргүй хоосон…
Гол нь тууштай, сэтгэлгээндээ одоо ч үнэнч хэвээрээ, цаашдаа ийм кино хиймээр байна гээд кайф авч байна шүү дээ. Өнөөдөр бас ингээд сууж байх хүртэл хэцүү шүү дээ. Үүнийг худлаа агуу мэт болгож ярих сонирхол алга. Шаардлага алга. Утгагүй шүү дээ.
-Анх эхэлж байсан үеэ дурсахаар амттай байдаг уу?
-Фантастикийн Тамираа ах бид хоёр анх кино хийгээд л “хо ингэдэг юм байна” гээд л. Бүх зүйл шинэ л байсан. Одоо Фантастик продакшн, F студи байж л байна. Бид хоёр анх, “биднийг хүн тоож байна” гэж яридаг байсан. Бараг л “сая бид хоёрыг таньчихсан уу” гэдэг шиг. Ийм л байсан. Тэгээд л “Миний ах атман” кино тухайн үедээ бүүм болоод л. Гэхдээ л хүлээн зөвшөөрөгдөнө гэж байдаг шүү дээ. Нэг юм хийгээд л. Хоёр юм хийгээд л. Тэр нь амжилттай болсон ч бай шууд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг биш. Түүнийгээ мэдрээд байгаа нь их гоё байсан. Тийм гоё эрүүл. Энэ тууштай, зорилготой л байсных. Бүгд дундаас эхэлнэ гэж байхгүй шүү дээ. Тийм зүйл гэж юу байх вэ. Ямар ч гэсэн боломжоороо өдийг хүртэл зүтгээд л байна.
-10 гаруй жил кино хийжээ. Киноны талаар илүү гүн ойлгож, дурлаж хийдэг байх. Тийм үү?
Би кино уран бүтээлүүд дээрээ хүн ухааруулах гээд л байхыг огт боддоггүй. Бодохыг ч хүсдэггүй. Би яг хэн юм. Аливаа уран бүтээлийг хүндрүүлэх маш дургүй. Би анх “Параллель ертөнц” киногоо хийсэн. Тэр сүнстэй кино. Хамгийн сүүлд “Цагаан эрэг” гээд кино хийсэн. Трейлерийг нь үзсэн хүмүүс нөгөө л араар тавилт, амьдрал бусниулсан хүүхэнтэй, аз жаргалтай төгсгөл гээд л. Үзээд дадчихсан зүйлсээ комментоор бичиж л байна билээ. Би түүндээ их баярлаад байгаа юм. Тийм бодол төрүүлсэн бол трейлерийн пойнт зөв очсон байна. Гэхдээ кино нь бол өөр. Хүмүүсийн төсөөлж байгаагаас арай өөр ертөнцөөр аялуулах байгаа гэж бодоод, кинондоо Тодгэрэл, Очгэрэл хоёрыг тоглуулсан. Бидний үеийн гэр бүл болсон залуусын амьдрал, асуудлыг өөрийнхөө өнцгөөрөө хийж байгаа. Энэ кинон дээр бол байдаг форматаасаа зугтахыг л хичээж байгаа.
-Баярлалаа.