Домогт Queen хамтлагийн дуучин Фредди Меркуригийн 1500 гаруй эд зүйлсийг тун удахгүй Лондон хотод дуудлага худалдаагаар зарах гэж байна. Түүний эд зүйлс дунд “Bohemian Rhapsody” дууны үгийг бичсэн байсан анхны ноорог цаас олджээ. Энэ цаасан дээр дууны нэрийг "Mongolian Rhapsody" гэж бичсэн байсан байжээ.
Ингэхдээ Mongolian гэх үгэн дээрээс дарчихсан байсан байна. Тиймээс Queen хамтлагийн алдарт Bohemian Rhapsody дуу угтаа Mongolian Rhapsody гэж нэрлэгдэх боломжтой байсныг гадны хэвлэлүүд онцолж байна. Уг ноорог цаас нь 1.5 сая ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байгаа юм. Түүнчлэн дууны зарим үгийг ч анхандаа өөрөөр бичсэн нь уг ноорог цааснаас харагдаж байна. Тодруулбал, дууны эхлэл үг болох “Mama, just killed a man” -ийг “Mama, there’s a war began” гэж бичиж үлдээжээ.
Уг дуу нь XX зууны шилдэг поп дуу хэмээн цоллогддог бөгөөд зургаан минут үргэлжилдэг. Энэ дууг анх бүтээхэд ийм урт дуу амжилт олохгүй гэж үзэх продюссер, мэргэжилтнүүд олон байсан ч Queen хамтлаг энэ бодол нь буруу гэдгийг няцааж чадсан юм. Харин энэ домогт дууны утга агуулгыг олон нийт төдийгүй хамтлагийн бусад гишүүд ч төдийлөн сайн ойлгодоггүй юм байна. Тухайлбал, хамтлагийн гитарчин “Фреддиг тоглож байгаа, эсвэл нухацтай байгаа эсэхийг мэдэхэд бэрх байдаг. Энэ дууны хувьд ч тэр, бид ямар утгатайг нь хэзээ ч мэдэхгүй байх. Гэхдээ энэ нь Bohemian Rhapsody-г гайхалтай бүтээл болгож байгаа юм” гэжээ.
Эх сурвалж: CNN