Цар тахал, дайнаас шалтгаалсан инфляцын өсөлт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого монгол улсын эдийн засагт хүндхэн сорилтыг бий болгосон. 2022 оны сүүлд гэхэд манай улс дефольт зарлах уу, аль эсвэл ОУВС-гийн тусгай хөтөлбөрт хамрагдах уу гэсэн хоёр сонголттой нүүр тулгараад байсан. Тэгвэл Засгийн газар Сангийн яам, сангийн сайд өнгөрсөн онд экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд төсвийн алдагдал буурсан, валютын нөөц нэмэгдсэн байна. Гадаад өрийн эрсдэлээс болж, дефольт болохоос бүрэн гарчээ. Эхний улирлын байдлаар 36 сая тонн нүүрс экспортолохоор төлөвлөж байсан бол үүний 60 хувийг буюу 19.6 сая тонн нүүрс экспортод гаргасан. Төсвийн орлогын 36 хувь нь оны эхний улиралд биелээд байна. 30 жилийн дараа түүхэндээ анх удаа төсвийн орлого давж биелжээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд бий болсон орлогоор хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр нэмэх боломж бүрдсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН ХӨЛСИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр боллоо. Энэ ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спортын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдыг “Төрийн мэргэжлийн үйлчилгээ”-ний нэгдсэн ангилал, зэрэглэлээр цалинжуулна.
Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын цалингийн доод хэмжээг 590 мянган төгрөг байгааг 1.0 сая төгрөг болгож, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 565 мянган төгрөг байгааг 750 мянган төгрөг болгохоор төсвийн тодотголын саналд санал оруулсан.
Түүнчлэн нийслэл, орон нутаг, яам, агентлагийн төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг нэгдсэн сүлжээгээр зохицуулж,ижил зэрэглэлд хамаарах төрийн тусгай албан хаагчдын үндсэн цалинг адил болгоно.
Төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга, соёл урлаг, биеийн тамир, спортын 2.6 мянга, төрийн захиргааны 23.0 мянга, төрийн тусгай 35.0 мянга, төрийн мэргэжлийн үйлчилгээний 93.2 мянга, төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга, төрийн улс төрийн 3.8 мянга, нийт 213.9 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэнэ.
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР,АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ НЭМНЭ
Өнгөрсөн 2022 оны 12 сарын нийгмийн халамжийн сангийн мэдээгээр төрөөс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр(288 мянган төгрөг)-ийг сар бүр олгож байна.
Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12.8 орчим хүүхдэд 288 мянган төгрөгийг сар бүр олгодог.
Ирэх долоодугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325.0 мянган төгрөг, харин хүүхэд, насанд хүрсэн хүн асарч байгаагаас үл хамааран асаргааны тэтгэмжийн хэмжээг2023 оны амьжиргааны доод түвшинд хүргэж275.0 мянган төгрөг болгохоор тооцооллоо.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэхэд 89.3 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой.
Түүнчлэн хүнсний эрхийн бичиг, байнгын асаргаатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улирлын тэтгэмж, цалинтай ээж буюу 0-3 насны хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмж зэрэг мөнгөн дүнг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай халамжийн хөтөлбөрүүд байна.
Засгийн газраас төрийн халамж шаардлагатай зорилтот бүлэгт олгох дээрх халамжийн тэтгэмж бусад тусламжийн хэмжээг төсвийн нөхцөл, боломжид тулгуурлан үе шаттайгаар нэмэгдүүлэхийг зорьж байна.
ТЭТГЭВЭР ТООЦОХ ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮРЭЭР ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ АРИЛГАНА
Ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүүг ойртуулна. Үүнд 200.2 тэрбум төгрөг зарцуулна. Хүн бүрийн ажилласан жил, төлсөн шимтгэл хугацаа, авч байсан цалин хөлснөөс шалтгаалан харилцан адилгүй нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлнэ. Энэхүү арга хэмжээнд 496.2 мянган тэтгэвэр авагч хамрагдан 194.4 төгрөг зарцуулна.
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРД ОЛГОНО
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг олгох боломж бүрдлээ. Энэ онд хүүхдийн мөнгөнд 1,283.5 мянган хүүхэд хамрагдах бөгөөд 2023 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, мөн 1-6 сард хамрагдаагүй хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор боллоо. Энэхүү арга хэмжээнд 167.2 тэрбум төгрөг зарцуулахаар байна.