АНУ-ын сенатын гишүүн Линдси Грахам Оросын цэргүүд амиа алдсанд баярлаж байгааг харуулсан “засвартай” бичлэг цацагдсаны дараа ОХУ түүнийг баривчлах тушаал гаргажээ. Хоёр тусдаа мөчийг хооронд нь холбосон уг бичлэг нь баасан гарагт Киевт сенатын гишүүн Украины ерөнхийлөгчтэй уулзсаны дараа болсон үйл явдлыг дүрсэлжээ. Засвар орсон энэ бичлэгт сенатын гишүүн Грахам Киевт үзүүлж буй АНУ-ын тусламжийг "бидний хийж байсан хамгийн зөв зарцуулалт" хэмээгээд Орос цэргүүд үхэж байна гэж дурдсан байна.
Оросын тал өөрийг нь баривчлахыг хүсэж байгааг мэдсэн даруйдаа Грахам "Украинтай эв санааны нэгдэлтэй байгаа минь Путины дэглэмийн уур цухлыг төрүүлсэн гэдгийг мэдэх нь надад их таатай байна" гэж жиргэжээ. Тэрбээр мөн твиттер хуудаснаа "Оросын цэрэг бүрийг Украины нутаг дэвсгэрээс гаргах хүртэл би Украины эрх чөлөөний төлөө зогссоор байх болно” гэсэн юм. Түүнчлэн өөрийнх нь эсрэг ямар нэг зүйл хийвэл ОУ-ын эрүүгийн шүүхэд хандахаа мэдэгджээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хандан "Ийм сенатын гишүүдтэй байхаас илүү ичгүүртэй зүйл гэж юу болохыг төсөөлөхөд бэрх байна" гэжээ. ОХУ-ын талаас ийн шүүмжилсний дараа Украин ням гарагт уг бичлэгийн бүтэн, засваргүй хувилбарыг олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Бичлэгт сенатын гишүүн Грахам дээр хэлсэн үгсээ тус тусад нь хэлсэн буюу уулзалтын хоёр өөр хэсгийг тасдан нийлүүлж, засварласан гэдгийг ерөнхийлөгч Зеленскийн ажлын албаныхан хэлжээ. Эхний бичлэгт тэрбээр АНУ-ын Украинд үзүүлсэн тусламж нь Оросын дайралтыг зогсооход тусалсан гэдгийг хүлээн зөвшөөрч, "Бидний хийсэн хамгийн зөв зарцуулалт" гэсэн бол удаах бичлэгт Украин ОХУ-ын дайралтыг гурван хоног л тэсэж чадна гэж олон хүн анхандаа итгэж байсан.
Гэтэл одоо тэдний цэргүүд амиа алдаж байна шүү дээ” гэж хэлсэн нь сонстжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яам Украины тал сенатын гишүүн Грахамыг шүүмжлэлээс хамгаалахыг оролдож байна гэж буруутгаж, хэрэв түүний хэлсэн өөр үгсийг бичлэгээс зориудаар хассан бол олон нийтэд мэдэгдэхийг шаарджээ.
Сенатын гишүүн Грахамыг баривчлах жагсаалтад оруулсан ОХУ-ын Дотоод хэргийн яам түүнийг ямар гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээлээгүй байна.
Эх сурвалж: BBC