“Говь” ХК өөрийн өвөрмөц, урлагийн нарийн мэдрэмж шингэсэн, тансаг бүтээлээрээ дэлхийд танигдсан Италийн загвар зохион бүтээгч Giorgio Spina-тай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тэдний хамтын бүтээл тун удахгүй олны хүртээл болох билээ.
Дэлхийд алдартай Dior, Giorgio Armani, LV, Max Mara, болон Chanel, Brunello Cucinelli, Alexander Wang, Moncler, Zegna брэндүүдтэй хамтран ажилладаг, Giorgio Spina хэмээх энэ эрхэмтэй ярилцаж, Итали дизайнер ба Говь-ийн хамтын ажиллагаа, төрсөн сэтгэгдэл, монгол ноолуураар урлах бүтээл, түүний дотоод ертөнцөөр аялсан товч ярилцлагыг танд хүргэе.
Сайн байна уу, Та бидэнд загварын салбарт ажиллаж байгаа туршлага болон өөрийнхөө талаар танилцуулна уу?
Сайн байна уу, би хувцас загварын салбарт ажиллах биш өөрийгөө бүтэн зориулж төгс бүтээл урлахыг эрмэлзэл болгон олон арван жилийг өнгөрөөсөн байна. Учир нь миний эзэмшсэн мэргэжил үнэхээр гайхалтай, урлах гэж буй зүйлээ ганц утаснаас эхэлдэг цорын ганц мэргэжил юм. Хэдэн мянган эрчлээсээр нэгдсэн утсыг хэрхэн яаж хэлбэржүүлж ямар бүтээл гаргахаа тооцоолж өөрийгөө сорьж ажилдаг болохоор би мэргэжилдээ хайртай. Мөн би ганцаараа энэ бүгдийг урлах биш нэг бүтээлийн ард сүлжмэлч, утасны техникч, будагчид гээд маш олон хүмүүстэй хамтран нэг нэгнээ мэдэрч, тэдгээр хүмүүсийн зүрх бүхэн нэг бүтээлд шингэж ажилдаг учраас гайхалтай уран бүтээл бий болдог гэж би боддог.
Та Монгол ноолуурыг урладаг Говь–ийн ерөнхий дизайнераар сонгогдсон сэтгэгдлээсээ хуваалцвал?
Би дэлхийн олон брэндтэй хамтран ажиллаж байсан ч Говь-той ажиллаж байгаа шиг өндөр сэтгэгдэл урьд өмнө төрж байгаагүй. Учир нь ноолуур бол дэлхийн хамгийн үнэт утас бөгөөд байгаль, уламжлал, загвар гурвыг ноолуураар хамтад нь илэрхийлж болдог өвөрмөц онцлогтой түүхий эд юм. Энэ боломжийг Говь олгож байгаад их баяртай байгаа.
Говь бол манай Монголын хамгийн том үйлдвэр. Энэ том үйлдвэрээр анх удаа зочилсон мэдрэмжээсээ та онцолбол.
Таны хэлж байгаатай бүрэн санал нийлнэ. Говь-ийн үйлдвэрээр анх зочлоход би их сүрдсэнээ нуухгүй /инээв/. Би үйлдвэрийн түүхий эд бэлтгэх цэгээс эцсийн бэлэн бүтээгдэхүүн савлах хүртэлх бүх шат дамжлагатай нь танилцсан бөгөөд Итали-д ч ийм том үйлдвэрээр би зочилж байгаагүй надад их сүрдмээр бас их огшмоор байсан.
Таны хувьд Говь-ийн ноолуур юугаараа онцлог санагдаж байна вэ?
Дэлхийн хамгийн үнэт утас болох ноолуурыг ангилж ялгахаас эхлээд будах хүртэлх бүх үе шат нь маш нарийн бөгөөд бүх хүн үйлдвэрийн процесст хяналт тавьж ажилдаг юм байна лээ. Цаашлаад дэлхийн өөр хаана ч байхгүй байгалийн 4 өнгийн ноолуурыг ямар ч химийн будаг ашиглахгүйгээр бэлэн бүтээгдэхүүн урладаг нь байгаль орчинд ч ээлтэй байгаа нь их сайшаалтай бас их онцлог санагдсан.
Та Говь-ийн ерөнхий дизайнераар сонгогдож анхны коллекцоо тун удахгүй танилцуулах гэж байгаа. Энэ коллекцид хүмүүс их хүлээлттэй байгаа бөгөөд Монгол өв соёлыг Итали уран сэтгэмжтэй хослуулсан бүтээл гарна гэж найдаж байгаа?
Тийм ээ, мэдээжийн хэрэг. Итали, Монгол ур ухааныг хослуулсан бүтээл урлаж байгаа бөгөөд энэ хүсэл минь хэрэглэгчдийн зүрх сэтгэлд загваруудаар минь дамжуулж хүрэх болно гэж итгэж байгаа. Дашрамд Говь-ийн нийт ажилчдын тууштай байдал, тогтвортой хөгжлийн талаарх бодлого нь Италийн компаниудын дагаж мөрдөх сайн жишээ болоосой гэж хүсэж байна.
Та удахгүй танилцуулах шинэ коллекцоо юунаас сэдэл авч бүтээсэн бэ?
Би Монголын оршин буй байгаль юмс үзэгдлийг их гүнзгий судалсан. Тэгснээр бүтээгдэхүүн нэг бүртээ ямар хээ, эрчлээс, сүлжээсийг урлах сэдлийг дотоод уран сэтгэмждээ бий болгосон юм. Урлал нэг бүр нь биднийг хөглөж, сүлжээс бүр нь бие биеэ бүрхэж, өмсөх бүрд гоо зүйг хэрэглэгчдэд мэдрүүлэхээр урласан юм. Дэлхийн хамгийн үнэт түүхий эд болох ноолууран ширхэгтийн амьд шинжийг илүү тодотгон харуулахыг эрмэлзсэн бөгөөд бүтээлч хандлага, шинэлэг урсгалуудыг шинэ коллекцийн загваруудад тусгахыг зорьсон. Би сүлжмэл утасны мянга мянган хувирлыг эрэлхийлж бүтээлдээ тусгасан.
Та тогтвортой хөгжлийн талаар ямар байр суурьтай байдаг вэ? Учир нь Говь бол тогтвортой хөгжлийн бодлогыг баримталж ажилладаг компани шүү дээ.
Би тогтвортой байдалд итгэдэг, энэ бол бидний хойч үеийнхэндээ үлдээх маш том зүйл бөгөөд бидний үүрэг гэж боддог. Таны хэлсэнчлэн Говь бол тогтвортой хөгжлийн зарчимтай компани бөгөөд энэ нь уг компанитай ажиллах болсон бас нэг шалтгаан юм.
Бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Удахгүй танилцуулах коллекцийн нээлтийн үйл ажиллагаанд тань амжилт хүсье.
Танд маш их баярлалаа.