Хэд хоногийн өмнө Замын-Үүдэд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар хил дамнасан зорчигч тээврийн бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх үеэр өөрийгөө “тэмцэгч” хэмээн тодорхойлдог Б.Ууганбаяр гэгч уулзалтыг үймүүлэн, гишүүдийг хэл амаар доромжлон, хэрүүл маргаан өдөөгөөд улмаар гишүүдийн яриаг бичсэн бичлэгээ өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн тасдаж, бусдад буруу ойлголт өгөхөөр чармайжээ.
Асуудлын шалтгаан нь хилээр зорчигч тээвэр хэвийн явагдах боломжийг хангахаар аймгийн дарга, Замын Үүд сумын дарга зэрэг албаны хүмүүс БНХАУ-ын Эрээн хот болон хилийн удирдлагуудтай уулзаж, тодорхой тохироонд хүрсэн байна. Гэтэл "Далд хүн" ТББ, Б.Ууганбаяр гэгч үүнийг өөрийн гавьяа зүтгэлээр бий болсон үр дүн гэж харуулахыг хичээж, тээвэр хийдэг иргэдээс хураамж авахыг оролдож байсан аж. УИХ-ын гишүүд жолооч нар болон тээврийн бизнес эрхлэгчидтэй уулзаж учрыг таниулах үед өөрийнх нь худал ташаа мэдээлэл тараасан нь ил болсон тул Б.Ууганбаяр учир утгагүй дайрч давшлан, Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нарын гишүүдийг үш хэлүүлэхгүй, уулзалтыг үймүүлэхээр оролдож эхэлсэн ажээ. Үүнийг бүтэн бичлэгийг үзвэл ойлгогдоно. Бичлэг хийж, тасалж тараах замаар бусдад буруу ойлголт өгөхийг чармайсан Б.Ууганбаяр нь өөртөө Хүний эрхийн төлөө тэмцэгч гэх цол олгоод, уулзалт, хурал цуглаан, жагсаал болгон дээр очиж хэрүүл тарьж явдаг этгээд хэмээн нутгийн иргэд тодорхойлж байлаа. Хэвийн яриа өрнүүлэх, асуудлыг учир начрыг олох, шийдэл гаргахад чиглэсэн шүүмжлэл өрнүүлэх чадваргүй, олныг шуугиулах замаар нэр олох зорилгод хэт автсан “тэмцэгч” гэх хүмүүсийн үнэн нүүр царайг дээрх бичлэгээс харж авцгаая.
Ийнхүү худал мэдээлэл тарааснаас болж Хятадын тал нааштай хариу өгч байсан асуудлыг дахин авч хэлэлцэх болсон гэх мэдээлэл гарч эхэллээ. Соёлтойгоор үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй тэмцэгчдээс болж улсын эрх ашиг хохирч мэдэхээр байдал бий болж байна.