Эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас үүдэн бага насны хүүхдүүд гэмт хэрэгт уруу татагдах хүчирхийлэлд өртөх асуудлууд нийгэмд гарсаар байна. Энэ асуудлын хүрээнд хуульч Б.Мөнгөнцоожоос дараах зөвлөгөөг авлаа.
МОНГОЛД 13 НАСТАЙ ОХИН ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ТОХИОЛДОЛ ГАРСАН
Сүүлийн үед интернэт хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахим орчин дахь гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Энэхүү гэмт хэрэгт холбогдож байгаа болон хохирч байгаа хүмүүсийн насыг харах юм бол ихэвчлэн бага насны хүүхдүүд элбэг байна. Жишээлбэл , 1XBET-ээр бооцоо мөрий тавих, цахим покер тоглож мөнгөө алдаж байна. Хүүхдүүдийн хувьд шинэ зүйлд сониучирхах, хандлагатай байдаг учраас эхлээд халаасныхаа мөнгийг алдана. Дараа нь өөрийнхөө утсыг, пүүзийг, бусад эд хэрэгслээ зарж эхэлнэ. Лашруулаад ээж ааваасаа хулгай хийнэ. Хэрвээ эцэг эх нь мөнгө өгөхгүй бол бусдаас хулгай хийх, бүлэглэн дээрэм хийх зэрэг гэмт хэрэгт холбогдож байна. Хуульч хүнийхээ хувьд санаа зовж байгаа зүйл бол хар тамхины асуудал. “Хүүхдүүд газ үнэрлээд нас барлаа” гэсэн тохиолдлууд зөндөө гарсан. Үүнтэй ижлээр хар тамхи татаж байгаа тохиолдлууд маш их байна. Монголд гарсан хамгийн залуу тохиолдол гэвэл 13 настай охин хар тамхи татсан тохиолдол гарсан.
ХҮҮХДИЙН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙГААГИЙН ШАЛТГААН НЬ ЭЦЭГ ЭХ
Б.Мөнгөнцоож: Хуулийн талаас бол гэр бүлийн зөрчил дээр зөрчлийн тухай хууль болон эрүүгийн тухай хууль үйлчилдэг. Хүүхэд Эрүүгийн тухай хуулиар заасан гэмт хэрэг үйлдлээ гэхэд хуулиар насанд хүрсэн байх юм бол мэдээж хуулийн хатуу хариуцлага хүлээнэ. Хуульч хүний хувьд харж байгаагаар хүүхдийн гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл нь эцэг эх гэж би хэлнэ. Яагаад гэхээр PC тоглоомын газар хүүхдүүд мансуурсан байж болзошгүй гэсэн дуудлагын дагуу цагдаа нар шалгалт хийхэд 11 хүүхэд тэнд байснаас 10 нь мансуурсан байдалтай харин 1 хүүхэд хэрэглээгүй байсан. Эдгээр хүүхдүүдийн ар гэрийн байдлыг шалгаад үзэхэд р тамхи хэрэглэсэн 10 хүүхдийн ар гэр ямар нэгэн байдлаар ээж аав нь салсан, эцэг эхийн нэг нь архидан согтуурдаг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Харин хар тамхи хэрэглээгүй нэг хүүхдийн хувьд ар гэрийн хувьд харьцангуй тогтвортой хүүхдүүдтэйгээ ярилцдаг байсан.
ХҮҮХДИЙГ ҮЛ ХАЙХРАХ НЬ ХҮЧИРХИЙЛЛИЙН НЭГ ХЭЛБЭР
Эдийн засаг хүнд хэцүү, хүмүүс хоолоо залгуулахын тулд хичээж байна. Гэхдээ эцэг эх болсны хувьд хамгийн чухал зүйл бол хүүхдийг эдийн засгийн байдлаар гачигдуулахгүй байхаас илүүтэйгээр сэтгэл санааны байдлаар дарамтлахгүй байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийгээ үл хайхрах хүчирхийлэл үйлддэг. Хүүхдээ хаана хэнтэй явж байгааг нь тодруулдаггүй. Үүнээс болоод хүүхэд сэтгэл санааны хүчирхийлэл өртөж байна. Энэ хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүд цаашлаад зан ааш нь эвдэрнэ, буруу хүмүүстэй нийлээд гэмт хэрэгт уруу татагдах магадлал нь нэмэгддэг" гэв.