Хатан хаан II Элизабетыг 1983 онд АНУ-д айлчлах үед нь амь насанд нь халдах гэсэн оролдлого үүсэж байсныг Холбооны мөрдөх товчооноос олон нийтэд ил гаргасан баримт бичиг нотолж байна.
Холбооны мөрдөх товчоо хатан хааныг өнгөрсөн жил нас барсны дараа түүнтэй холбоотой баримт мэдээллүүдээ ийн гаргажээ. Тухайлбал, энэ баримтуудад Холбооны мөрдөх товчоо Ирландын Бүгд Найрамдах Улсын Арми буюу IRA-гаас ирж болзоошгүй аюул заналхийллээс хэрхэн сэргийлж байсныг дурьджээ. Хэргийн тухайд, Сан-Франциско хотын нэгэн цагдаад хатан хааныг хөнөөнө гэсэн сүрдүүлэг анх иржээ.
Уг мэдээлэлд дурдсанаар, Сан Франциско дахь нэгэн Ирландын уушийн газар байнга үйлчлүүлдэг байсан офицерт энэ тухай дуудлага ирснийг цааш дамжуулж, сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. Офицерын хэлснээр тэр хүн түүнд "Хойд Ирландад резинэн суманд өртөж амь үрэгдсэн охиныхоо өшөөг авах гэж байна” гэж хэлсэн гэнэ.
Энэ сүрдүүлэг 1983 оны 2-р сарын 4-нд буюу Хатан хаан II Элизабет болон түүний нөхөр хунтайж Филипп нар Калифорнид айлчлахаас нэг сарын өмнө болсон байна. “Халдлага үйлдэж болзошгүй иргэн хатан хаан Элизабетад хор хөнөөл учруулахыг оролдсон бөгөөд Голдэн Гэйт гүүрэн дээрээс хатан хааны хөлөг онгоц руу ямар нэгэн зүйл унагах, эсвэл хатан хаан Элизабетийг Йосемитийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочлоход нь алахыг завдах байсан" гэж баримт бичигт дурдаж байжээ. Харин энэхүү заналхийллийн хариуд нууц албаныхан "хатан хааны онгоц ойртох үед гүүрэн дээрх явган хүний замыг хаахаар" төлөвлөж байжээ. Гэхдээ Йосемитэд ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байгаа ч айлчлал хэвийн үргэлжилсэн байна. Холбооны мөрдөх товчооноос өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Уг 102 хуудас мэдээллийг АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ирүүлсэн Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хүсэлтийн дагуу Холбооны мөрдөх товчооны мэдээллийн вэбсайтад байршуулжээ.
Эх сурвалж: BBC