Селин Дион ховор тохиолддог мэдрэлийн өвчтэй гэж оношлогдсоныхоо дараа аялан тоглолт хийх хангалттай хүч чадалгүй гэдгээ шүтэн бишрэгчиддээ хэлж, үлдсэн бүх тоглолтоо цуцалжээ. Дуучин бүсгүй өнгөрсөн жил “Stiff-Person Syndrome” буюу ховор мэдрэлийн системийн эмгэгтэй гэдгээ олон нийтэд мэдэгдэж, энэ нь дуулах чадварт нь нөлөөлж буйг мөн хэлсэн билээ.
Харамсалтай нь энэ эмгэгийн улмаас дуучин бүсгүй 2023, 2024 онд хийхээр төлөвлөж байсан бүх тоглолтоо цуцалжээ. Өдгөө 55 настай тэрбээр твиттер хуудаснаа “Та бүхний урмыг дахин хугалсандаа харамсаж байна. Хэдийгээр энэ бүхэн надад ч гэсэн маш хүнд тусаж байгаа ч тайзан дээр гарахад үнэхээр бэлэн болтлоо бүгдийг цуцалсан нь дээр гэсэн шийдвэрт хүрлээ. Гэхдээ би бууж өгөхгүй … бас та бүхэнтэй дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байна!" гэж жиргэжээ. “Courage World Tour” нь 2019 онд эхэлсэн бөгөөд Селин Дион Ковид-19 цар тахал эхэлж, үлдсэн шоуг түр хойшлуулахаас өмнө нийт 52 тоглолт хийж дуусгаад байсан юм.
Хожим нь тэрбээр эрүүл мэндийн асуудлаас болж Хойд Америкт хийх тоглолтуудаа цуцалж, Европын аялан тоглолтоо хойшлуулсан. Харин Баасан гарагт хийсэн мэдэгдлийнхээ хүрээнд Лондон, Дублин, Парис, Берлин, Амстердам, Стокгольм, Цюрих зэрэг хотуудад товлогдсон Европын тоглолтуудаа бүхэлд нь цуцалжээ.
Эх сурвалж: BBC