Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын IX хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо болов.
Хуралдааныг Монгол Улсын Сангийн сайд, комиссын монголын хэсгийн дарга Б.Жавхлан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд, комиссын казахстаны хэсгийн дарга Д.Кыдырали нар ахалж оролцов. Хуралдааны үеэр талууд Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн сацуу тээвэр логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал, мэдээлэл технологи зэрэг өргөн хүрээтэй салбарт харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцов.
Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2023-2025 онд эрчимжүүлэх замын зураглалыг байгуулахаар тохиров.
Хоёр улсын хамтын ажиллагааны чухал хэсэг болох хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Казахстаны эрт болцтой, ганд тэсвэртэй үр тарианы сортуудыг Монгол Улсад турших, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах, Монгол Улсаас Казахстан Улс болон тус улсаар дамжуулан бүс нутгийн гуравдагч улс орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсад Казахстан Улсын цагаан будаа тариалалтын туршлага, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Казахстан Улсаас “казахын цагаан толгойт” үүлдрийн үхрийг Монгол Улсад нийлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болов. Эдгээр ажлыг үр дүнтэй гүйцэтгэх үүднээс Засгийн газар хоорондын комиссын дэргэд Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулахаар тохиролцов.