ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр Засгийн газраас хэрэгжүүлж буй таван “Ш” хөтөлбөрийн хүрээнд shilen.gov.mn сайтад шинээр байршуулсан сангуудын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад дахь иргэдэд туслах сангийн мэдээллийг хамгийн сүүлийн байдлаар байршуулсан болохыг салбарын сайд хэллээ. Мөн ирэх долоо хоногт Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Засгийн газрын нөөц сангийн мэдээллийг нээлттэй хэлбэрээр байршуулах аж. Түүнчлэн Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Ирээдүйн өв зэрэг сангийн мэдээлэл хараахан бүрэн байдлаар нэгтгэгдэж тус яаманд ирээгүй байна. Спортыг дэмжих сан мэдээллээ огт ирүүлээгүй байгаа бол өнгөрсөн хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй гурван сан байгаа аж.
ЦХХХ-ны сайд Н.Учрал энэ үеэр хэлэхдээ, "Засгийн газрын 25 сан бүгд Засгийн газраас санхүүждэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдгээр сангууд нь байх хэрэгтэй. Хамгийн гол нь зорилтот бүлэгт хүрдэг байх ёстой. Сангуудын сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох, хараат бус хяналтын зөвлөл байгуулах зэргээр ажиллах ёстой. Одоогийн байдлаар 14 сангийн мэдээллийг ил боллоо. Цаана нь 10 сан үлдлээ. Ирэх долоо хоногоос эдгээр сангийн мэдээллийг байршуулна. Учир нь Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ирэх сарын нэгний өдөр гэхэд сангуудын мэдээллийг ил тод байршуулж буй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу энэхүү үйл явц цаашид тасралтгүй үргэлжилнэ” хэмээв.