Монголын Үндэсний Бөхийн Холбоо бөхчүүд, хэвлэл мэдээллийн байгууллагатай хийсэн уулзалтын үеэр цагаан сарын барилдаанд дөрөв давсан 16 бөхийн допингийн шинжилгээний мэдээллийг улсын заан, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав танилцуулав.
Тодруулбал "Хоёрдугаар сарын 20-ны битүүний өдрийн барилдаанд дөрөв давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Эдгээр бөхийн хариу болох 33 хуудас материал дөрөвдүгээр сарын 5-нд ирсэн. Цагаан сарын барилдаанд дөрөв давсан 16 бөхийн нэг болох улсын арслан Э.Оюунболдоос оксандролон болон метандиенон гэх S1 бүлгийн анаболик стероидын дээрх хоёр бодис илэрсэн.
Тус шинжилгээнд бүдэрсэн бөхөд Б сорьцыг шинжлүүлэх эсэхээ 14 өдрийн дотор мэдүүлээрэй гэж тухайн өдрөө мэдээлэл хүргүүлсэн хэдий ч утсаа аваагүй. Маргааш өдрөөс нь эхлээд утас нь холбогдоогүй. Шинжилгээний хуудас дээрх гэрийн хаягаар гурван удаа очиход хүн байгаагүй.
Дөрөв дэх удаа буюу тавдугаар сарын 7-ны өдөр гэрт нь очиж шинжилгээний хариуг өгч гарын үсэг зуруулсан. Тавдугаар сарын 7-ноос хойш 14 хоногийн хугацаанд Б сорьцыг дахин шинжлүүлэх эсэхээ хэлэх ёстой. Гэтэл дээрх хугацаанд нэг ч удаа хариу өгөөгүй учир мэдээллийг нь ил болгож байна" хэмээн ярилаа.