Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлаар Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа.
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон явган хүний зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор гараашнуудыг чөлөөлж, НИТХ-ын тогтоолоор нийтийн эдэлбэр газарт бүртгэх ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд 2019 оноос хойш 145 байршлын 227.97 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байгаа юм. Тэгвэл өдгөө газар ашиглалтын байдалд судалгаа хийж, нийт 47 байршлын 7.72 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн юм. Тодруулбал,
Баянгол дүүрэгт 10 байршлын 0.86 га
Баянзүрх дүүрэгт 16 байршлыг 3.54 га
Сонгинохайрхан дүүрэгт 6 байршлын 0.61 га
Сүхбаатар дүүрэгт 8 байршлын 0.98 га
Хан-Уул дүүрэгт 4 байршлын 1.21 га
Чингэлтэй дүүрэгт 1 байршлын 0.27 га
Налайх дүүрэгт 2 байршлын 0.25 га газар байна.
Эдгээр газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, тохижилтын ажлууд хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, 1 байршилд тоглоомын талбай, 6 байршилд тохижилт, ногоон байгууламж, зогсоол, 15 байршилд тохижилт бүхий ногоон байгууламж, 12 авто зогсоол, 10 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, 3 байршилд ногоон байгууламж хийх юм.
Зөвлөлийн гишүүд дээрх ажлыг сайн жишиг гэдгийг тодотгон, хурлаас тэмдэглэл гарч, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов. Гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх байршилд өөрчлөлт оруулна
Үүний дараа Болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох тухай танилцууллаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192, нүүлгэн шилжүүлэх 31 байршил, хэмжээг НИТХ-ын тогтоолуудаар баталсан байдаг. Гэвч дээрх байршлуудад барилга, байгууламж барьсан, зарим дүүргийн засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсон, газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан нүүлгэн шилжүүлэх болон түр цугларах талбайн байршил, хэмжээг шинэчлэн тогтоох хэрэгцээ, шаардлага үүсжээ. Дээрх шалтгаан болон Нийслэлийн Онцгой байдлын газраас ирүүлсэн саналыг үндэслэн болзошгүй гамшгийн үед түр цугларах 203 байршлын 164.6 га талбай, нүүлгэн шилжүүлэх 33 байршлын 1430.4 га талбайг шинэчлэн батлуулахаар НИТХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Тодруулбал,
Баянгол дүүрэг-Түр цугларах 23 байршлын 14.23 га, нүүлгэн шилжүүлэх 3 байршлын 148 га
Баянзүрх дүүрэг– Түр цугларах 40 байршлын 51.42 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 85 га
Сүхбаатар дүүрэг– Түр цугларах 29 байршлын 20.08 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 106 га
Чингэлтэй дүүрэг– Түр цугларах 18 байршлын 7.64 га, нүүлгэн шилжүүлэх 4 байршлын 136 га
Хан-Уул дүүрэг– Түр цугларах 47 байршлын 31.14 га, нүүлгэн шилжүүлэх 2 байршлын 86 га
Сонгинохайрхан дүүрэг– Түр цугларах 22 байршлын 10.63 га, нүүлгэн шилжүүлэх 2 байршлын 205 га
Налайх дүүрэг– Түр цугларах 11 байршлын 8.4 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 118 га
Багануур дүүрэг– Түр цугларах есөн байршлын 19.17 га, нүүлгэн шилжүүлэх 3 байршлын 38.2 га
Багахангай дүүрэг– Түр цугларах дөрвөн байршлын 1.9 га, нүүлгэн шилжүүлэх дөрвөн байршлын 508.2 га талбайг тусгаад байна.
Зөвлөлийн гишүүд дээрх байршлуудад дахин өөрчлөлт орохгүй байхад анхаарах ёстойг хэлж байлаа. Хурлаас тэмдэглэл гарч, тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.