Монголын баримт шалгах төв (Mongolian fact checking center) цахим орчинд түгэж байгаа эргэлзээтэй мэдээллүүдэд баримтын шалгалт хийж, бодит зөв мэдээллийг хүргэх чиглэлээр ажилладаг Олон улсын баримт шалгах сүлжээний албан ёсны баталгаажуулалттай, Мета компанийн түнш байгууллага юм. Тэд цахим орчинд өндөр хандалттай мэдээллүүдийг баримтаар нягталж, олон нийтийн бодит мэдээлэл авах эрхийн төлөө ажилладаг. Энэ удаад хөлдөө наалт нааж, бүх биеийн хорыг гадагшлуулдаг гэх мэдээллийг нягталсан байна.
“Хүн хөлдөө наалт нааснаар бус, элэг, бөөр, булчирхай зэргээрээ хороо гадагшлуулдаг” гэх мэдээллийг mfcc.mn сайтад байршуулжээ. Тодруулбал, манай улсад импортоор орж ирсэн төрөл бүрийн хөлийн наалтыг ихээр худалдаалдаг. Ингэхдээ “Үүнийг хөлийн уландаа нааснаар биеэс хорыг гадагшлуулдаг ач тустай. Хөлийн уланд наасны дараа өнгө нь хүрэн болж хувирдаг. Энэ нь биеэс хор гадагшилж байгаа гэсэн үг. Ийм онцгой бүтээгдэхүүнийг яг одоо захиалаад аваарай” гэх мэтчилэн сурталчилгааг нийгмийн сүлжээгээр явуулдаг. Тэгвэл энэ нь хор гадагшлуулдаггүй гэдгийг шинжлэх ухаанаар баталсан байдаг юм байна. Баримт шалгагчид үүнийг нягталж, дараах дүгнэлтэд хүрчээ.
-“Бүтэн биеийн хор гадагшлуулагч наалт” гэх бүтээгдэхүүнд хуурамч сурталчилгаа хийж, ашиг орлого олсоор байна.
-“Хамгийн түгээмэл бөгөөд их ашиг олдог луйвар” гэж ДЭМБ-ын Эмийн бүтээгдэхүүний сурталчилгааны ёс зүйн шалгуурыг боловсруулахад гар бие оролцсон Бондын их сургуулийн багш Кэн Харви хэлжээ.
-2010 онд АНУ-ын Холбооны худалдааны комиссоос “Хөлийн наалтаар төрөл бүрийн өвчнийг анагаана” гэх сурталчилгаа явуулж байсан байгууллагуудад нийт 14.5 сая ам.долларын торгууль ногдуулсан байна.
-Хөлийн наалтын өнгө хувирдаг шалтгаан нь хөлсөнд норсноос болдог. Тиймээс хамгийн их хөлсний сүв байрладаг учраас хөлд наахыг санал болгодог байна. Усны ууран дээр барихад ч өнгө нь харлана.
-Хэдийгээр энэ наалтыг хэрэглэснээс үүдэн эрүүл мэндийн ноцтой хохирол амсахгүй байж болох ч, эдийн засгийн хувьд хохирч, магадгүй эмчилгээ эхлүүлэх ёстой байсан цаг хугацааг алдах зэрэг эрсдэлтэй байна” гэжээ.
Монголын баримт шалгах төвийн баримт шалгагч Ж.Өнөмөнх “Хүмүүс эрүүл мэндийн асуудлынхаа улмаас энэ төрлийн мэдээлэлд итгэх нь түгээмэл байна. Өвчнөөсөө айх сэтгэл зүй дээр нь дөрөөлж, ийм бизнес худалдаа өргөжиж байна. Өнөөдөр яг энэ мэт олон хуурамч мэдээлэл гарч байгаа учраас иргэд авч буй мэдээллээ анхан шатны аргаар нягталж сурахад анхаарах хэрэгтэй байна. “Энэ яг үнэн үү” гэж шалгах дадал зуршилд суралцах шаардлагатай. Наад зах нь, энэ мэдээлэл нь албан ёсны эх сурвалжтай байна уу гэдгийг харах хэрэгтэй. Эргэлзээ төрүүлэхүйц асуудлыг нягтлах нь чухал. Жишээ нь, эдийн засаг мэдэхгүй хүн энэ тухай ярих, эмч биш мөртлөө эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчлаад байвал та үүнд эргэлзэж, заавал нягталж шалгадаг байх хэрэгтэй” гэлээ.
Монголын баримт шалгах төвөөс олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Нягталъя” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд иргэдэд хуурамч мэдээллийг ялгаж таних аргуудын талаар олон нийтэд боловсрол олгох мэдээлэл, контентуудыг бэлтгэн хүргэж байна. Та бүхэн Монголын баримт шалгах төв -ийн Facebook дэх хуудсаар дамжуулан цуврал видео, контентыг хүлээн авч, мэдээлэлд анхан шатны баримт шалгалт хийх аргуудаас суралцаарай. Цахим орчин дахь мэдээллийг заавал дахин нягталж “7 нягталж 1 шэйрлэх”-ийг баримт шалгах төвийн хамт олон уриалж байна.