Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан овжноор ашиглаж Засгийн Газрын хэд хэдэн тусгай сангуудыг цөлмөн зээл авсан төрийн түшээдийн цувааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун цагтаа тэргүүлж байсан гэх.
Тодруулбал, Х.Болорчулуун өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-аар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан хэрэгт буруутгагдаж, хууль хяналтын байгууллагад шалгагдан, ачигдах дээрээ тулж байж. Энэ асуудлыг тэр өөрөө тайлбарлахдаа, “Намайг гүтгэсэн бохир улс төрчийн зам мөр нүүрсний хэрэг шиг хар. Минийх гурил шиг цагаан. Надад хууль зөрчсөн удаа байхгүй” гэж тайлбарласан юм.
Тэгвэл гурил шиг цагаан мөртэй Х.Болорчулуун сайд өөрийн хамаарал бүхий компаниараа төрөөс мөнгө салгадаг хэвээрээ л байна. Тэрээр 2020 онд мөн л Дорнод гурил ХХК-иараа дамжуулж ХААДС-гаас 121 сая 719 мянган төгрөгийн зээл авчээ. Тухайн үед Х.Болорчулуун нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Түүний ХАСХОМ-ийг харахад 2020 онд Дорнод гурил ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байсан бол 2021 оны ХАСХОМ-дээ “Дорнод гурил” ХХК-ийн 5 хувийг эзэмшдэг гэж мэдүүлсэн байна.
Харин УБЕГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр сайд болон түүний эхнэр тус компанийн хувь эзэмшлээ шилжүүлсэн нь харагдаж буй. Түүний хүргэн Д.Өлзийбаяр өдгөө "Дорнод гурил" ХХК-ийн захиралын албыг хашиж байгаа. Саяхан Хөгжлийн банкны сонсголоор 2021 онд олгосон Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төсөлд олгосон зээлийн эргэн төлөлт явц, байдлыг авч хэлэлцсэн. Ингэхдээ Д.Өлзийбаярыг гэрчээр дуудсан боловч сонсголд оролцох боломжгүй гэж мэдэгдсэн байна. Гэрчээр дуудагдана гэдэг нь шүүгдэж байгаа хүний хэрэгтэй шууд болон шууд бус байдлаар холбогдсон гэсэн үг. Үүнээс татгалзсан нь Х.Болорчулуун болон түүний ойр тойрны хүмүүс Хөгжлийн банкны зээлд хүртэл хошуу дүрсэн байж болзошгүй гэх хардлага төрүүлж буй юм.
ХААДС-гаас авсан 121 сая төгрөгийн зээлийн тухайд эргэн төлөлтийн дуусах хугацаа нь 2026 дуусна. Ямартай ч ХААДС-гаас авсан зээлээ төлөхгүй гонжирч, муу зээлдэгчийн ангилалд багтаагүй ч мөн л албан тушаалын байдлаа ашиглан өөрийн болон хүргэний компанидаа татвар төлөгчийн мөнгө татсан нь олон нийтийн эгдүүцдийг төрүүлж буй юм.
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлт нь ердөө долоон хувьтай байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлж байв. Сан нэрээр иргэдийн халаасыг ухаж, эрх мэдэл, албан тушаалд ойр нэгэн нь ард түмний боломжийг хулгайлан, дэвсэлж орхидог үзэгдэл манай нийгэмд гаарсаар байгаа талаар Өрөг.мн сайт мэдээ, нэвтрүүлгүүдийг бэлдсээр байгаа. Ингэж хэлж буйн учир нь, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа нийт 25 сангийн, ердөө гурав нь зорилгынхоо дагуу үүргээ гүйцэтгэсэн гэх аудитын судалгаа гарчээ. Зорилтот бүлэг, иргэн, ААН-дээ хүрч үйлчилж чаддаггүй, "мөнгөний гахай" болсон эдгээр олон сангууд зорилго, үүргийнхээ хүрээнд ажиллаж чадахгүй бол татан буугдах ёстой гэж олон нийт үзэж байна.