3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д тэмцээнд өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид өнөөдөр Австрийн нийслэл Вена хотыг зорьсныг Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ. Сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн тавдугаар сарын 30-аас зургаадугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Эрэгтэй багт Д.Дэлгэрням, А.Ананд, О.Энхбаатар болон “Завхан бродерс” багийн төвийн тоглогч Ц.Отгонжаргал нар багтжээ. Э.Дөлгөөний гэмтэл гүйцэд эдгээгүй тул энэ удаа бүрэлдэхүүний гадна үлдсэн байна.
Харин эмэгтэй багт О.Хулан, М.Цэрэнлхам, Ө.Индра, Б.Ариунцэцэг нар багтсан байна. Б.Ариунцэцэг энэ жил эмэгтэйчүүдийн лигийн MVP-гээр тодорсон бол “Танан гарьд” багийн Ө.Индра 3х3 сагсны шигшээд анх удаа дуудагдсан билээ.
Эрэгтэй багт Нидерланд, Швейцар, Унгар, Японы шигшээтэй нэг хэсэгт багсан бол эмэгтэйчүүд Унгар, Чех, АНУ, Канадтай нэг хэсэгт өрсөлдөх аж.