Өрөг.мн сайт Боловсролын зээлийн сангийн шалгуур хангаагүй атлаа зээл авсан, авсан зээлээ гэрээний үүргээ биелүүлж төлөхгүй байгаа улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүдийг та бүхэнд цувралаар мэдээлж байсан билээ. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ сэдвээр илүү өргөн цар хүрээтэй нэгдэн ажиллаж байгаа тул бид Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлээ төлөхгүй яваа улс төрчдийн хамаарал бүхий компаниудыг өнөөдрөөс хүргэх гэж байна.
Бид мэргэжлийн сэтгүүл зүйн зарчмаар ажиллах ба мэдээллийг хайх, боловсруулах, баталгаажуулах, буруутгагдаж байгаа талд үгээ хэлэх боломжийг нь олгон ажиллах болно.
Х.БАТТУЛГЫГ УИХ-ЫН ГИШҮҮН БАЙХАД ХҮҮ НЬ ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЗЭЭЛ АВЧЭЭ
БАРИМТ НЭГ.
Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын анхны эхнэр нь Цэндийн Энхтуяа гэх эмэгтэй бий. Тэрээр 2020 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байсан ба энэ үеэрээ цахим орчинд лайв хийж “Би Ерөнхийлөгч Х.Баттулгын хууль ёсны эхнэр” хэмээн хэлж байв. Ерөнхийлөгч асны хууль ёсны эхнэр Ц.Энхтуяагийн хүү буюу Х.Баттулгын хүү З.Жавхлан нь 2014 оны 4-р сарын 14-нд гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Органикланд холдинг” компаниа байгуулсан ба энэ компаниараа “Нью Ариг Ус” ХХК-ийг эзэмшдэг аж.
БАРИМТ ХОЁР.
“Нью ариг ус” ХХК нь 2015 онд одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сан буюу тухайн үеийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 729,904,000 саяын зээл авчээ. Энэ зээлээ 2020 онд төлж барагдуулах ёстой байсан ч зээлээ төлөхгүй явсаар энэ нь өр болж өдгөө улсад 533,139,221 саяын өртэй байна. Өөрөөр хэлбэл таван жилийн хугацаанд нийт зээлийнхээ 196,764,779 саяыг буюу 27 хувийг л төлжээ. Ерөнхийлөгчийн хүүгийн энэ компани нь Дорнод аймагт 3800 га газарт уринш тарьдаг аж.
БАРИМТ ГУРАВ.
"Нью ариг ус" ХХК нь зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл аваад зогсохгүй Хөгжлийн банкнаас ч жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан ба мөн л зээлээ төлөхгүй өр болгосон ба одоо Хөгжлийн банканд НЭГ тэрбумын зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ талаар Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголын хоёр дахь өдөр ярьсан юм.
БАРИМТ ДӨРӨВ.
2012-2016 оны хооронд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь УИХ-ын гишүүн байсан ба энэ үед буюу 2015 онд хүү З.Жавхлан нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авчээ. Өөрөөр хэлбэл, аав нь УИХ-ын гишүүний нөлөөгөө ашиглан хүүгийнхээ компанид зээл авч өгсөн байж болзошгүй байгаа юм.
Монгол улс цөөн хүн амтай тул жижиг зах зээлтэй. Цөөн хүн амтайн зовлон гэх үү жижиг зах зээлд улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд зээл авч, бизнес эрхлэхгүй байж болохгүй гэж ярих нь туйлшрал. Гэхдээ тухайн зээлийг авахдаа хамаарал бүхий улс төрчөөрөө дамжуулж нөлөөгөөр нь авсан уу? шаардлага хангаагүй атлаа авсан уу? авсан бол яагаад төлөхгүй байна вэ? гэдэг нь гол асуудал юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүү Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээл, Хөгжлийн банкны зээлээ төлөхгүй гүлдийж нэгээс дээш жил болжээ. Өөрөөр хэлбэл энд тэндээс зээл авсан жирийн иргэн байсан бол өдийд барьцаа хөрөнгөө алдаад эсвэл торны цаана сууж байгаа. Гэтэл Ерөнхийлөгч асны хүү зээлээ төлөхгүй гурван жил ч явж болж байна. Зээлээ төлөхгүй байгаа аж ахуйн нэгж, иргэнийг Монголбанкны хар жагсаалтад оруулдаг ч "Нью Ариг ус" ХХК хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Х.БАТТУЛГЫН ТӨРСӨН АХ Х.БАТТУУЛ МИЛЛ ХАУС ХХК-ИАРАА АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ ЖИЛ ХЭТЭРЧЭЭ
Экс Ерөнхийлөгч Х.Баттулга дүүгийн эзэмшлийн гэгдэх "Милл Хаус" компани нийт 4,9 тэрбум төгрөгийн зээл авчээ. Одоогоор энэ зээлийн 3,9 тэрбум төгрөгийг нь эргүүлэн төлөөгүй байна. "Милл хаус" компанийг Х.Баттулгынх гэж хардах үндэслэл олон бий. Тухайлбал, Newspress.mn сайтын сэтгүүлч Б.Мөнх-Эрдэнийн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр бичсэн нийтлэлд дурдсанаар "Милл хаус ХХК-ийг 2007 онд байгуулахад Х.Баттулгын төрсөн дүү НИТХ-ын төлөөлөгч Х.Баттуулын санаачилгаар байгуулсан гэдэг танилцуулга өмнө нь Милл хаус ХХК-д байсан. Энэ компанийг Х.Баттуулын эхнэр Наранцэцэгийн Алтанцэцэг гэгчийг үүсгэн байгуулагчаар нь бүртгэсэн байдаг" гэжээ. Одоо улсын бүртгэлд Ж.Чинзориг гэх хүний нэрээр бүртгэлтэй байдаг аж.
Мөн олон нийтийн мэдэх нэг асуудал бий. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Говь-Алтай аймагт бэлэн мөнгө ачиж авсан автомашиныг саатуулсан тухай ЦЕГ-аас хэвлэлийн бага хурал зарлан мэдээлж байв. Тухайн үед 1,8 тэрбум төгрөг ачсан автомашин "Милл хаус" компанийнх мөн гэдгийг нь албаныхан зарлаж байсан юм. Ингэснээр "Х.Баттулгын хамаарлын компани" сонгуулийн санал худалдаж авахаар явж байгаад баригдлаа" гэх мэдээлэл ч цахим орчинд гарч байсан юм.
Буруутгагдаж байгаа талд үгээ хэлэх боломж олгох үүднээс бид "Милл хаус" ХХК, "Нью ариг ус" ХХК руу тус бүр утсаар холбогдож, мессеж бичсэн бөгөөд "Милл Хаус" ХХК одоогоор ямар нэг хариу тайлбар өгөөгүй байна. Харин "Нью ариг ус" ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Баттулгын хүү З.Жавхлан манай оффист ирж тайлбар өгнө гэв.