Монгол Улс 19 гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо 100 хувь хангах зорилт дэвшүүлээд байгаа юм. Дотоодын бараа, бүтээгдэхүүнээс инфляцад хамгийн их нөлөө үзүүлж буй бүтээгдэхүүнд гурил, гурилан бүтээгдэхүүн багтаж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд 72.2 мянган га талбайд үр тариа тариалснаас 71.8 мянган га-д улаан буудай тариалаад байгаа аж. Ингэснээр үр тарианы тариалалт 18.4 хувьтай, улаан буудайн тариалалт 19.5 хувьтай явагдаж байна. Энэ онд нийт 393 мянган га талбайд үр тариа, үүнээс 369 мянган га-д улаан буудай тариалах аж.
Харин 19.8 мянган га талбайд төмс, 12.2 мянган га талбайд хүнсний ногоо тариалах зорилт тавиад байгаагаас одоогоор 1.8 мянган га-д төмс, 874 га-д хүнсний ногоо тариалаад байна. Төмсний тариалалт 10.5 хувьтай, хүнсний ногооны тариалалт 7.0 хувьтай явагдаж байгааг Хүнс Хөдөө Аж Ахуйн яамнаас мэдээлэв.
Энэ хаврын байдлаар 70 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөснөөс малын тэжээлийг гүйцэд, 5.7 мянган га-д тосны ургамал тариалаад байна. Үүнээс гадна 351 мянган га талбайд уринш боловсруулж бэлтгэх зорилт тавиад байгаа юм.