Багшийн дээдийн нүхэн гарцны урд, хуруу лент заран суудаг тэргэнцэртэй иргэн Б.Түвшинтэй бид ярилцлаа. Тэр одоо 27 настай. Тэтгэврийн насны эмээтэйгээ хоёулаа амьдардаг. 24 настайгаасаа хойш тулгуур эрхтний өвчлөлөөс үүдэн тэргэнцэртэй өдөр хоногийг өнгөрөөх болжээ. Түүний хувьд ажил хийхийг чин сэтгэлээсээ хүсдэг ч авдаг газар байдаггүйг хэлж, тэргэнцэртэй гэх шалтгаанаар ажил олгогч нарт гологдож, сэтгэл санаагаар унах тохиолдол олон байсан тухайгаа ярьсан юм. Тиймдээ ч гэртээ зүгээр суухын оронд өсгөж хүмүүжүүлсэн эмээдээ дэм болж ойр зуурын хэрэглээгээ ч болтугай хангах зорилготой өглөө 10 цагаас оройн 20 цаг хүртэл сууж лентээ зардаг гэнэ.
Тэрбээр энэ талаар ярихдаа, Миний хувьд энд хуруу лент зарж суугаад хоёр жил болж байна. Анх өөрийгөө тэргэнцэртэй, өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн болсон гэдэгтээ эвлэрч чадахгүй хий дэмий бухимдаж гэртээ л байдаг байсан. Эмээгээ нэг хэсэг их ч зовоосондоо. Сүүлдээ ойлгож, хүлээн зөвшөөрсөн. Эмээ бид хоёр нэгнээ нөхөөд л амьдарч байна. Миний тавилан л энэ юм байлгүй. Өөртөө, хувь тавиландаа гомдоод зүгээр хэвтээд байлтай нь биш гээд энд сууж байгаа юм. Нэг хэсэг ажилд орох гэж их үзсэн. “Чамайг ажиллуулах боломжгүй”, “Өө тэргэнцэртэй юм байж яаж ажил хийх юм бэ” гэх зэрэг үгс үнэхээр л толгой руу дэлсээд авах шиг мэдрэмж төрүүлдэг. Гомдох үе олон тохиолдсон. Гэхдээ бас хэндээ ч гомдох билээ дээ.
Эндээ суугаад өдөрт дунджаар 20-30 мянган төгрөг олдог. Хүний хэрэглээ их шүү дээ. Бүх хэрэглээгээ энэ мөнгөөрөө хангаж чадахгүй ч гэсэн ядаж талхаа аваад гэртээ харидаг юм. Гэрээсээ энэ хүртэл ирэх, эндээс гэр лүүгээ явах миний хувьд өдөр бүр том сорилт болж байдаг. Хүн царайчилна. Ад шоо болно. Зарим хүмүүс надад их тусалдаг. Зүгээр л замаар явахаас эхлээд автобусанд суух, шатаар уруудах гээд шантармаар олон давааг өдөр бүр л туулж байгаа. Би боддог юм. Арай өөр улсад төрсөн бол… Арай амархан, тухтай амьдрах байсан болов уу гэж. Хөгжлийн бэрхшээлтэй болчих л юм бол хүний тооноос хасагддаг юм билээ.
Би тулгуур эрхтний өвчлөлөөс болоод ийм байдалтай болсон. Уламжлалт эмчилгээ хийлгэж байгаа. Эмнэлэг дээрээ очихоос очихгүй нь их дээ. Эмээтэйгээ эмнэлгээр явлаа гэхэд намайг өргөж, зөөгөөд байж чадахгүй. Ер нь бидний хувьд дэлгүүр орох, эмнэлэг орох хүртэл маш том даваа шүү дээ. Жаахан ээлтэй нийгэм байсан бол би энд гадаа гандаад сууж байхгүй л байсан байх. Хүнээс гуйдаг биш өөрөөрөө амьдрах нийгмийг л хүсэж байна. Өөрт таарсан аятайхан ажил хийхийг боддог. Би чинь залуу хүн шүү дээ. Үр хүүхэдтэй, хань ижилтэй болмоор л байна. Энэ гэхдээ биелэхгүй мөрөөдөл биз дээ.
Энэ хавиар согтуу сууж байгаа хүмүүс намайг их элэг барина аа. Заримдаа төвөгтэй л байдаг юм. Гэхдээ хүн ямар ч нөхцөлд байсан ажиллах л хэрэгтэй байх. Хөл нь хөдлөхгүй бол гараа, гар нь хөдлөхгүй хөлөө хөдөлгөж амьдрах хэрэгтэй. Яах вэ энгийн хүнээс магадгүй хэд дахин илүү хичээх л шаардлагатай болж байгаа юм. Өлбөрч үхэхгүйн тулд хичээх л хэрэгтэй байна даа” гэж ярилаа.