"Эх орондоо үлдэнэ” цувралын энэ удаагийн дугаарт үйлдвэрлэгч А.Солонгыг урилаа. Тэрээр ОХУ, Японд боловсрол эзэмшиж, улмаар монголдоо ажиллаж амьдарч буй иргэдийн төлөөлөл юм. “Монгол улс даяар “Хүнсний хувьсгал” хийх бодлого хэрэгжиж байна. Энэ мэт бодлогыг хамгийн гол нь хөрсөн дээр буулгах чухал” хэмээн ярьсан юм. Ингээд түүний яриаг хүргэе.
ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭСЭЭ ХОЛ БАЙСАН ХУГАЦАА ЭРГЭЖ ИРЭХГҮЙ
Би Японд ахлах сургуулиа төгсөж, ОХУ-д эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн. Сайн аав, ээжийн буянд чанартай боловсрол эзэмшиж, Орос, Англи, Япон хэлийг эзэмшиж чадсандаа баярладаг. Энэ маань ч надад олон зүйлийн эхлэл суурь нь болж өгсөн. ОХУ-д эдийн засагч мэргэжлээр суралцаж төгсчихөөд, тэндээ ажиллаж амьдрах олон л боломж байсан. Гэвч би сурсан мэдсэндээ Монголдоо зориулах нь чухал юм байна гээд ирсэн. Нөгөө талдаа, харийн нутагт хайртай хүмүүсээсээ хол байна гэдэг хэцүү. Аав ээжээсээ, үр хүүхдээсээ хол байсан хугацаа эргэж ирэхгүй шүү дээ. Энэ нь нэг том шалтгаан болж байсан.
ТЭРЭГ ТҮРЭЭСЭЛЖ, ШУУДАЙ ҮҮРЭЭД Л ЯВДАГ БАЙЛАА
Ажлын гараагаа эхлэхдээ олон улсын нисэх онгоцны буудлын төсөл дээр очсон. Монголын анхны хамгийн өндөр шилэн барилгад ажиллаж, долларын цалин аваад явах таатай л байсан. Гэхдээ өөрөө нэг юм эхлүүлэх ёстой гэж бодогдоод болдоггүй. Бас, гэр бүлд минь тулгарсан асуудал намайг чихэр үйлдвэрлэгч болоход нөлөөлсөн. Охин маань хугацаа нь дууссан бүтээгдэхүүн идээд, эрүүл мэндэд нь асуудал гарсан. Ингээд би “чихэр судлаач” болж хувирсан. Түүний дараагаар ер нь “Хүнсний салбарт ороод ажиллаад үзье. Ганцаараа ч гэсэн зүтгэе” гэж шийдсэн. Ингээд л Нарантуул захаас элсэн чихрээ зөөж авчраад гэртээ чихрээ хийж эхлэв ээ. Маш олон хүн “Хайран сайхан ажлаа орхиод яаж байгаа юм. Эдийн засагч мэргэжлээрээ л ажиллаач гэж байсан. Шантармаар санагдаж байсан ч эхлүүлсэн бүхнийхээ эцсийг нь үзэхээр шийдсэн. Ингэж явсаар өдгөө 30 орчим хүнийг ажлын байраар хангасан үйлдвэрлэгч болж чадсан. Өнөөдөр манайх “Бурамхан” нэрийн чихрээ үйлдвэрлэж байна. Миний ямар ажлаа юугаар сольж, аль салбарт ажиллаж байгаа вэ гэдэг нь чухал биш. Хамгийн гол нь, би эх орондоо баялаг бүтээгч болж, импортыг орлож, ажлын байр бий болгож байгаа нь сайхан санагддаг. Лифтгүй байр руугаа түүхий эдээ зөөж, гэртээ туршиж сорьж, бүтэлгүйтэж явсан бүхэн минь өнөөдрийн биднийг бүтээсэн.
ЯАВАЛ ЗАЛУУС МОНГОЛДОО ҮЛДЭНЭ ГЭЭЧ…
Сурсан мэдлэг, хэл усандаа найдаад, бас энэ боломжоо ашиглаад хоёр, гурван ч улсад ажиллаж амьдрах боломж надад байлаа. Гэхдээ би эх орондоо ирсэн. Монголд ажиллаж амьдарч байгаа хүмүүс үнэхээр улаан гараараа юм хийе гээд зүтгэж байна. Импортоос хараат байдлыг арилгая гээд тэмцэж байна. Гэтэл дээрээ гарсан том бодлого нь доороо хэрэгжихгүй байх нь элбэг. Хэрэв үнэхээр төрийн бодлого нүдээ олж, бодитоор хөрсөн дээр бууж чаддаг бол бид эх орондоо үйлдвэрлээд, Монголдоо амьдармаар байна. Солонгос явж ажилласнаар эндээ жижиг цех байгуулаад ажиллая гэх залуус нэмэгдэнэ. Татварыг нь хөнгөлж өгөх хэрэгтэй байна. Улсын хэмжээнд “Хүнсний хувьсгал” гээд л бодлого хэрэгжиж байна. Гэтэл энэ бодлого хөрсөн дээр буухдаа манайх шиг жижиг үйлдвэрлэгчдэд ирэхгүй байна. “Чихрийн салбарыг бид дэмжих боломжгүй” гэж байгаа юм. Гэтэл манайх нийт чихрийнхээ 98 хувийг гаднаас авч, хоёрхон хувийг л дотоодын үйлдвэрлэгчид хангаж байна. Энэ бол зах зээл байна гэдгийг харуулж байгаа хэрэг.
ТӨР НЬ Ч, ИРГЭД НЬ Ч ЭХ ОРОНЧ БАЙГААСАЙ
Эх оронч сэтгэлгээ гэж том зүйлийг хэлэхгүй. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, бараа бүтээгдэхүүнийг нь худалдаж авах юмсан гэдэг сэтгэлээс эхэлнэ. Тавгандаа чихэр тавьдаг соёлтой улс Монголоос өөр байдаггүй. Байгууллагаар орсон ч, айлаар орсон ч тавгийн идээ чихэр нь байж л байдаг шүү дээ. Төр худалдан авалтаар дэмжих, нөгөө талдаа хүмүүс ч “Үндэсний үйлдвэрлэгчид хийсэн шүү дээ” гэдэг байдлаар хүнсээ худалдаж авдаг байвал тэр нь дотоодын жижиг компаниудаа аварч үлдэх маш том дэмжлэг юм. Монголд хийж бүтээх хангалттай боломж, нөөц, зах зээл нь байна. Хамгийн гол нь одоо хүн бүр эх оронч хандлагатай, хамтдаа хийж бүтээх сэтгэлтэй, төрийнх нь бодлого ч оновчтой байгаасай гэж хүсэж байна. Эх орондоо байж л бид эх нутгаа хөгжүүлж, соёл уламжлалаа авч үлдэнэ шүү дээ” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.