
Оюутан залуус их, дээд сургуулиа дүүргэж, том зорилго, том мөрөөдөл өвөртлөн амьдралын их далайд хөл тавьж байгаа баярт өдрүүд тохиолдож байгаа. Бид АШУҮИС-ын оюутнуудтай уулзлаа. Тэдний хувьд ирээдүй, эх орныхоо төлөө шантрахгүй зүтгэж, сайн сайхан зүйлийг бүтээхээр зорьж байгаа тухайгаа хэллээ.
ОЮУТНУУД…
- Одоогоор дөнгөж бакалаврын зэргээ аваад, амьдрал дээр эхний алхмаа хийж байгаа. Төлөвлөсөн зүйл их л байна. Улс эх орондоо хэрэгтэй, эх орноо болон ард түмнээ хайрласан тийм эмч болно гэж боддог. Арван жилээ төгсөхөд Орос руу явж сурах уу, Монголдоо сурах уу гэдэг сонголт байсан. Гэхдээ би монголдоо сурахыг сонгосон. Хүссэн зүйлээ хийгээд, найз нөхөд, гэр бүлтэйгээ сайхан амьдрах нь миний туйлын зорилго учраас Монголдоо л байна гэж боддог. Үе тэнгийнхэндээ хандаж, шантрахгүй бүгдээрээ урагшилъя гэж хэлмээр байна. Яагаад гэхээр манай салбарт шантрах хүмүүс маш их байгаа. Мэргэжлээрээ ажиллаж байгаа эмч нар маань хүртэл ажлаасаа гарч байгаа, шантарч байгаа асуудлууд их гардаг. Үүнийг даван туулж мэргэжлээрээ, эх орноороо бахархах хэрэгтэй гэж боддог.
- Сургуулиа төгсөж байгаа учраас бүх зүйлийг туршиж үзмээр санагдаж байна. Нэн тэргүүнд резидент эмч болох зорилготой байна. Гадагшаа сурч боловсрохоор явах төлөвлөгөө ч байна. Тэндээс ур чадвар, мэдлэгийг хуримтлуулж ирээд эх орноо хөгжүүлнэ. Үе тэнгийн залуустаа тууштай байгаарай л гэж хэлье. Тууштай байна гэдгийг хүн бүр л ярьдаг. Гэхдээ тууштай байна гэдэг нь жинхэнэ утгаараа юу билээ гэдгийг сайн бодож хэрэгжүүлэх хэрэгтэй шүү. Амжилт хүсье.
- Ямартай ч нарийн мэргэжилдээ тэнцэх хэрэгтэй байгаа. Үүндээ тэнцээд гадаадад сурахаар төлөвлөсөн байгаа. Эмч болоод төгсөнө гэдэг монгол улсынхаа эрүүл мэндийн манаанд зогсоно гэсэн үг. Гадагшаа явна гэдэг нь тухайн улсын том соёл, эмчилгээг монголдоо нутагшуулах гэх мэт том зорилго өвөртөлж байна. Ирээд мэдээж эх орондоо ажиллаж тус дэм болоод явна даа.
Бид энэ үеэр Ахмад эмч, Ph.D Д.Жамьяансүрэнтэй уулзлаа. Түүний зээ хүү мөн АШУИҮС-ийг төгсөж буй баярт явдал тохиожээ. Тэрбээр шинээр төгсөгч залууст хандаж, “АШУҮИС-ийг ах нь бас төгссөн юм. Одоо миний зээ хүү төгсөж байна. Зээ хүү маань эмч гэдэг диплом авлаа. Тиймээс дипломынхоо үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. Эх орныхоо сайн сайхны төлөө, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сайн ажиллаарай гэж хүүхдүүддээ хүсье” гэлээ.