Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ сүүлийн өдрүүдэд иргэдийн анхаарлыг ихээр татаж буй Боловсролын зээлийн сангийн асуудлаар тайлбар өглөө.
Тэрбээр энэ үеэр хэлэхдээ "Засгийн газраас хэрэгжүүлж буй таван “Ш” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээлэл өнгөрөгч сарын 7-ны өдрөөс ил болсон. Уг сан 1997 оноос хойш 150 мянган оюутны 1.2 сая удаагийн зээл, тэтгэлэгт 1 их наяд төгрөг зарцуулсан. Үүний 700 тэрбум төгрөгийг дотоодын их дээд сургуульд хуваарилсан. Манай иргэд гадаадын их дээд сургуульд суралцахаар явсан хүүхдүүдийн асуудлыг сүүлийн өдрүүдэд ихээхэн хөндөж байна. Одоогийн байдлаар 1997 оноос хойших гадаадад суралцахаар явсан болон төгссөн суралцагчдын мэдээллийг ил болголоо.
Дэлхийн шилдэг их дээд сургуулийн магистр, докторын сургалтад хамрагдсан оюутнуудын тоо анх энэхүү мэдээллийг цацаж байх үеийнхтэйгээ таарч байгаа. Иймд энэхүү мэдээллийн хүрээнд тухайн суралцагч зээл, тэтгэлэгт хамрагдах тэр үеийн шаардлагыг хангаж байсан эсэх, сонгогдсон сургуульдаа суралцсан эсэх, төгсөж ирээд гэрээний үүргээ биелүүлсэн эсэхийг тодруулах шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар, 320 мянган ам.доллар буюу 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эргэн төлөлт долоо хоногийн хугацаанд хийгдсэн” гэв.