Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс агаарын тээврийн үнэ тарифыг буулгахыг үүрэг болгосны дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, нислэг үйлддэг аймгуудын зорчигчид ирэх долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн 50-70 хувийн хямдралтай үнээр зорчдог болох аж. Баян-Өлгий аймаг руу зорчих нэг зорчигчийн хоёр талын нислэгийн тийз өнөөгийн тарифаар 1.6 гаруй сая төгрөг байгаа бол хоёр талдаа 800 мянган төгрөг болж буурах аж. Ховд, Увс аймаг руу зорчиход 1.6 сая төгрөг зарцуулдаг бол хоёр талдаа 600-650 мянган төгрөгөөр зорчдог болох нь. Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан, Өмнөговь, Дорнод зэрэг нийт 9 аймаг руу агаарын тээврийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх асуудлыг энэ удаагийн хуралдаанаар ийнхүү шийдсэн байна.
Үүний зэрэгцээ МИАТ компани орон нутгийн нислэг үйлдэхээр болж байгаа ба ингэснээр үнэ тарифын хувьд буурах магадлалтай гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.