Украины армитай эвсэж буй В.Путиныг эсэргүүцэгч Оросын хэсэг бүлэг хүмүүс Украины зүүн хойд хэсэгтэй хиллэдэг Оросын баруун өмнөд хэсгийн Белгород мужид болсон халдлагын хариуцлагыг өөрсөддөө хүлээв. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо уг халдлагын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагаа Телеграмд зарлаж, “Орон сууцны болон захиргааны барилга, иргэний дэд бүтэц миномёт болон их бууны галд өртсөн. Мөн хэд хэдэн энгийн иргэд шархадсан” гэжээ.
Бүс нутгийн амбан захирагч Вячеслав Гладковын хэлснээр, нэг шөнийн дотор тус бүс нутгийн хоёр дүүрэг нисгэгчгүй нисэх онгоцны халдлагад өртөж, хоёр байшин шатсан байна. Харин энэ мөргөлдөөний улмаас Козинка тосгонд оршин суудаг нэг энгийн иргэн амиа алдсаныг тус бүс нутгийн амбан захирагч мөн хэллээ. Тиймээс Белгород мужийн Глотово, Козинка тосгон суурингаас 100-аад хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. ОХУ-ын батлан хамгаалах яам халдсан этгээдүүдийг Украины нутаг дэвсгэр лүү буцааснаа мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлж, тэдэнд хариуцлага тооцохоо мэдэгдлээ.