Анх 25 жилийн өмнө Бээжингийн нэгэн сонины сэтгүүлчид “Солонгосын давлагаа” гэсэн нэр томьёо гаргаснаас хойш 25 жил хэдийн өнгөрчээ. Өдгөө Нетфликс платформ дээр хамгийн их үзэлттэй 10 цувралын дөрөв нь БНСУ-ын бүтээл байгаа юм.
Ирак, Энэтхэг, Мексик, Морокко зэрэг дэлхийн өнцөг булан бүрт К-драма тэргүүтэй БНСУ-ын энтертайнмент зах зээл өргөжин тэлж, хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт босгож байна. Зарим шинжээчид “Солонгосын давлагаа” хэдийн АНУ-ын давамгайлсан поп соёлтой өрсөлдөхүйц болсныг онцолж эхэлсэн.
Тэгвэл, к-драма ийн амжилттай явахын нууц юунд байгааг хэсэг судлаачид онцолжээ. Хариулт нь их энгийн бөгөөд “сайн зохиол” дээр бүх зүйл суурилж байгаа гэдэгт судлаачид дуу нэгтэй санал нэгдсэн байна. Тухайлбал, Аризонагийн их сургуулийн Солонгос судлалын тэнхимийн судлаач Арум Жонг “Ямар ч үзэгч үзсэн шууд ойлгогдохоор буюу тэдэнтэй нийцэж болохуйц асуудлыг к-драма маш сонирхолтой үйл явдал, чадварлаг жүжигчдээр харуулдагт тэдний амжилт нуугдаж байна” гэжээ. Мөн Стэнфордын их сургуулийн Солонгос судлалын хөтөлбөрийн захирал Ги Үк Шин “Тэд зохиолоо маш сайн бичдэг. Үзэгчидтэйгээ тэд дэлгэцээс харьцаж чаддаг” гэж тодорхойлжээ.