Иргэд Сүхбаатарын талбайд суулт зарлаж үзэл бодлоо илэрхийлсээр байна. Тэд төрийн шударга бус байдал, хулгайн асуудлыг эсэргүүцэж байна. Төв талбайд үгээ хэлэхээр ирсэн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэн С.Мөнгөнцэцэг ингэж ярилаа.
"…Би залуусын, ээжүүдийн төлөөлөл болж энэ талбайд иржээ. Өнөөдөр бүр зориуд ажлаасаа чөлөө авсан. Ирж үгээ хэлэхгүй бол бухимдаад байсан юм. Өнөөдөр бид татвар төлөөд л байдаг дээгүүрээ хувааж идээд дуусаж байна шүү дээ. Бид нар дарга нарыг гэр бүлээр нь тэжээх гэж татвар төлдөггүй. Сайн сайхан амьдрах гэж, төрөөс үйлчилгээ авах гэж төлдөг юм.
Би нэг хүүхэдтэй ээж хүн. Өнөөдөр ээжүүдэд цалинтай ээж гээд сард 50 мянган төгрөг өгдөг. Үнэхээр инээдтэй, өрөвдөлтэй. 50 мянган төгрөгөө цалин гэж нэрлээд байгаа юм. Бид нар цалин аваад л гэртээ сууж байгаа юм байх аа. Өнөөдөр юмны үнэ нэмэгдэж, хүүхдийн сүү л гэхэд 80 мянган төгрөг болчихсон байна. Тэр ээжийн сарын цалингаар 1 хайрцаг сүү ч авч хүрэхгүй байна. "Цалинтай ээж" гэдэг нэрээ өөрчлөх хэрэгтэй. Хүнээ боддог улсууд өөр байдаг юм билээ. Монголтой харьцуулшгүй. Монгол улс хүн амаа өсгөе гэж байгаа бол гэр бүлүүд юу туулж байна, цалин мөнгө нь амьдралдаа хүрэлцэж байна уу гэдгээ бодож үзэх ёстой. Гэвч өнөөдөр ямар ч оновчтой бодлого алга. Дээгүүрээ хулгай нүүрлэж байна л гэж л сонсогдож байна.
Өнөөдөр би бас нэг үг хэлэхээр ирсэн юм. Тэр нь "Тэмцдэггүй ард түмэн мөхдөг" гэж… Гэтэл манай Монголчуудад төрдөө шаардлага тавьж чаддаггүй. Утасны цаанаас бухимдаад л гэртээ сууж байна шүү дээ. Тэгсэн мөртлөө тэмцсэн, үгээ хэлсэн нэгнээ "Хэний захиалгаар тэмцээд яваад байгаа юм" гэдэг. Үнэхээр тэгж бодож байгаа бол, тэмцэж чадахгүй юм бол "Муухай амьдарч байна" гэж битгий гоншгинооч ээ гэж хэлмээр санагддаг. Олуулаа нэгдэж, төрд шаардлага тавьж байж засрах болохоос биш, гэртээ гэдсээ илж хэвчихээд "Ядуу байна, муухай байна" гэвэл бид иймээрээ л үлдэнэ" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.