
“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх сарын 3-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Марафонд оролцохоор зэхэж буй ОУХМ С.Алтантуяа гүйлтийн спортоор хичээллэхийн давуу талын талаар ингэж ярилаа.
Тэрбээр “Гүйлтийн спортод дуртай хэн бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Сайнбилэгийн Алтантуяа гэдэг. Би уулын жимийн болон хэт холын зайн гүйлт, марафон гүйлтээр хичээллэдэг. Гүйлтийн бүх төрлийг сонирхож хичээллэх дуртай. Өнгөрсөн жил би 12 цагийн гүйлтийн УАШТ-д амжилттай оролцож, хэт холын зайн спортын мастер цол зэрэг хүртсэн. Энэ нь шөнийн 10 цагаас өглөөний 12 цаг хүрдэг тасралтгүй гүйдэг, тамирчнаас тэсвэр тэвчээр шаарддаг төрөл юм. Спортын мастер цолны болзол хангахдаа 12 цагт насныхаа ангилалд 112 км 533 метр зам туулсан. Өмнө нь ийм хугацаанд 80 километрээс дээш амжилт гаргаж байгаагүй болохоор их санаа зовниж байсан. Гэхдээ өөрийгөө зоригжуулж, амжилтаа ахиулж чадсан. Гүйхэд сэтгэл зүй маш чухал байдаг.
Би Улаанбаатар марафонд 2014 оноос оролцож эхэлсэн. Хүүхдээ төрүүлэхээр жирэмсний амралт авсан жилдээ л завсарласан. Түүнээс хойш тасралтгүй оролцохыг хичээж байна. Өнгөрсөн жил 21 километрын хагас марафонд мөнгөн медаль хүртсэн. Энэ жилийн хувьд бүтэн марафонд оролцохоор өөрийгөө бэлтгэж байна.
Өнөө цагт хүн бүр өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаардаг болчихсон байна. Та үнэхээр хүсэж байвал пүүзээ өмсөж гараад, алхаад гүйгээрэй гэж уриалъя. Нэг л алхаад гүйгээд эхэлчихвэл гүйлтэд дурлаад, өөрийгөө өөрчилдөг юм шүү гэж хэлмээр байна. Та бүхэн “Улаанбаатар марафон 2023”-д та бүгд өргөнөөр оролцоорой. Миний бие ч гэсэн энэ тэмцээнд оролцоно. Та бүгдэд амжилт хүсье” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.