Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү
Бид энэ удаад “Гэгээн Муза” наадмын тэргүүн шагналыг хоёр удаа хүртэж байсан жүжигчин Д.Оюунзулыг урьж, ярилцлаа. Тэрээр сүүлийн үед найруулагч Б.Ганболдын “Намаг” уран сайхны кино, O медиагийн “Тайчигч” богино хэмжээний кинонд тоглож, уран бүтээлдээ шамдаж эхэлсэн. Түүний бид түүнтэй гэр бүлийн нандин харилцаа, амьдралын үнэ цэнтэй зүйлсийн талаар ярилцлаа.
ХҮСЛИЙГ МИНЬ СОНСОЖ, ДЭМЖДЭГ ААВ ЭЭЖТЭЙ БАЙСАН УЧРААС ЖҮЖИГЧИН БОЛСОН
Тэрээр “Жүжигчин мэргэжлийг сонгох болсон шалтгаан маань, би сэтгэлийнхээ мухарт хүүхэд бүр юунд дуртайгаа мэддэг, таньдаг үе байдаг. Яг тэр үедээ маш нухацтай бодсон. Зүгээр л хүүхдийн сэтгэлзүй гэхээс илүү “Би ийм зүйл хийхийг хүсэж байна. Би яг ийм зүйлд дуртай юм байна” гээд. Түүнийг нь сонсдог ээжтэй байсан. Үүнийг нь дэмждэг аавтай байж. Энэ хоёр бас хүүхдээ мэднэ. Миний охины хэлж байгаа нь яг жүжигчин мэргэжил байна гээд жүжигчин болно гээд багаас нь итгүүлчихсэн. Тэгээд л сонголтоосоо гажиж үзээгүй” гэсэн юм.
ХҮҮХЭД НАСАА МОРЬ УНАЖ, ХИЧЭЭЛЭЭ ХИЙЖ, ДУРСАМЖ ДҮҮРЭН ӨНГӨРҮҮЛСЭН
Д.Оюунзул “Би хурдан морь унадаг байсан. Хөдөөгийн хүүхдүүд жаахан байхаасаа морь унаж өсдөг. Гэтэл намайг эмэгтэй хүүхэд байтал шууд хурдан морь унуулсан. Би зургаан настай байхдаа Дундговь аймгийн Дэрэн сумын даншиг наадамд орж байснаа санадаг. Шүдлэн унаж байсан. Би дөрөө холбоосыг нь их чанга уяулдаг хүүхэд байсан. Дээлийн бүс бас их чанга уяулдаг. Бүс нь алдуурч унавал морь нь үргэнэ, өөрөө орооцолдоно. Тийм болохоор аав жавхайтал нь бүслээд сургачихсан. Дөрөө холбоосоо бас маш чанга уяулдаг. Тэгэхээр хөл нь хоёр тийш болно. Ээж намайг шилбээрээ майга болчихно гээд “Дөрөө холбоосоо сул уяул эсвэл чи ерөөсөө морь унахаа боль. Хөл чинь муухай боллоо” гээд эмэгтэй хүний гоо сайхан талыг нь харж байсан байгаа юм. хүүхэд нас маань морьтой малтай, тэгсэн хэр нь сурлага хүмүүжилтэй өрнөсөн байна. Би хотод ирээд хөдөө яваагүй. Жаахан онцгүй зүйл нь би хөдөө байхаасаа ичсэн. Хөдөөгийн хүүхдүүд бор гээд л. Тухайн үедээ том болж байгаа болохоор хөдөө явахаар борлочихно. Арьс нь хуурна. Усанд орох нь арай өөр болно. Үүнийг хэт нэг талыг нь барьж ойлгоод, хөдөө очихгүй. Ээж маань дагаад хотод ирчихсэн, намайг сургуульд сургаад хотод байдаг болчихсон. Аав маань хөдөө. Аав дээрээ очихгүй гээд л аавыгаа гомдоосон байгаа юм. Мэдээж аав надад гомдохгүй. Аав, ээжүүд үр хүүхдэдээ их гомдохгүй. Ялангуяа Монгол аав, ээжүүд бүгдээрээ хүүхдийнхээ төлөө. Чухам чадал чансаа нь хүрч байна уу, үгүй юу гэдгээс бусдаас сэтгэл нь бүгд тийм. Миний аав намайг их сургуульд сургасан. Хамаг төлбөр мөнгийг маань хийж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Хүмүүс аавыгаа өнгөрсөн хойно би хайрлаж чадсангүй гэдэг. Би айхтар тэгдэггүй ч нэг л зүйлд харамсдаг. Аав минь жаахан хүлээсэн бол намайг хүүхдүүдтэй болохыг харна. Ямар хүнтэй суухыг минь харна. Сэтгэл нь бүр гоё байх байсан болов уу” гэв.
БИ ҮНЭХЭЭР “КҮҮЛ” НӨХӨРТЭЙ
Манай нөхрийг Гэрэлт-Од гэдэг. Бид хоёр хүүхэдтэй. Би үнэхээр “күүл” нөхөртэй. Учир нь миний мэргэжлийг маш сайн ойлгодог, дэмждэг. Манай нөхөр яг л эрэгтэй хүнд байх ёстой зан чанаруудыг агуулсан. Би үүнийг яаж мэдсэн бэ гэвэл найз нөхөдтэйгөө цуг байхад нөхөр нь залгадаг ч юм уу. “Хайчих гэж байгаа юм” гэж эхнэр нөхрүүд нэгнээсээ асуудаг юм билээ. Бид хоёр тэгж асуудаггүй. Ялангуяа манай нөхөр. Энэ нь би тэр хүнд хамаагүй гэсэн үг биш. Зүгээр л “Чи юу өмсчихсөн юм, хаачих гэж байгаа юм” гэвэл надад сонин санагдана. Энэ мэтийн хүний хувийн эрх чөлөө рүү ерөөс халддаггүй. Энэ нь бүр дээд зэргийн аз жаргал юм билээ.
Би нөхрийгөө хувь хишиг гэж боддог. Хүн өөрөө олигтой байхгүй бол дааж чадахгүй. Жаргал даахгүй. Өөрөө бас энэ үнэ цэнийг, энэ гоё зан чанарыг эвдчихгүй юм сан, гоё байх юм сан гэж нэг удаа өөртөө хэлээд, тэр зарчмаараа амьдарч байна. Хүн хажууд нь гэрэлтэй хүн байхаар дагадаг, муу чанаруудаа гээдэг. Манай хүн ч дутагдалтай. Болохгүй зүйл байдаг. Надаас суралцдаг. Хоёр биедээ нөлөөлөөд, тэр нь үр хүүхдэдээ нөлөөлөөд, манай үр хүүхэд цаашаа цэцэрлэгийнхэндээ нөлөөлдөг ч юм уу. Ингээд явдаг. Гэр бүл гэдэг нийгмийнхээ хамгийн үнэ цэнтэй зүйл гэж боддог.
ХАЙР ЭНЭРЛЭЭРЭЭ БУСДЫГ ДУЛААЦУУЛЖ, ЗӨӨЛЛӨЖ ЧАДДАГ ЭЭЖ ХҮН
Би нар. Учир нь миний нэр Оюунзул. Манай эгч Наранзул. Энэ утгаараа бид хоёрын нэр холбогдолтой. Надад бас Наранзул гэдэг нэр байх байсан. Эгчид өгөөд, дараагийн хүүхдэдээ өөр нэр өгч л дээ. Гэх мэтчилэн ингээд ярихаар, бид наран дээр очиж үзээгүй шүү дээ. Ойртоод, төсөөлөхөд ихдэхээрээ хүнийг толгойг нь өвтгөөд, халаадаг. Гоё эрч хүч нь хэт ихсэхээрээ буцаад хор болох, нарны хордлого авдаг. Би яг тийм хүн. Хэт их юманд итгэх гээд байдаг. Хэт их нэг талыг барих гээд байдаг тал надад байдаг. Ерөнхий өөрт маань байдаг маш том чанар нь би маш олон хүнд хүрч чаддаг. Олон хүнийг өөртөө автуулж, итгүүлж чаддагаа хүүхдийн сургалт ажиллуулж байхдаа мэдсэн. Яг өөрөөрөө байвал чаддаг. Хэн нэгнийг дуурайгаад, энд тэндээс үзсэн ямар нэгэн зүйлээрээ хичээл заавал ерөөсөө хүнд хүрдэггүй. Яг дотроо бодож байгаад өөрөөрөө байхаар хүмүүст нөлөөлдгөө анзаарсан. Би хайр энэрлээрээ ч бусдыг гоё дулаацуулж, зөөлөн байлгаж чаддаг ээж хүн. Би л гэж байгаа боловч бүгдээрээ нар. Бид нар нар.