Зодуулж хүнд гэмтэл авсны улмаас ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан гурван настай хүү Туркт гурван удаа тархины мэс засалд орж амжилттай болсон ч, уушгины асуудлаас үүдэн 12 хоног сэхээнд хэвтэн эмчлүүлж байна. Учир нь хүү монголоос ирэхдээ ужиг хатгалгаатай байсан ба өвчнүүд нь дахин дахин сэдэрч байгааг хүүгийн аав хэллээ.
Тэрээр цахим сүлжээнд бичихдээ, "Хүүгийн маань дархлаа маш муу байна. Нэг өвчлөл нь нөгөөдөө асуудал болсоор 12 хоног сэхээн амьдруулах тасагт хэвтлээ. Ард түмэн та бүхэнд бяцхан хүүгийнхээ талаар бодит мэдээллийг хүргэх нь зүй. Түмэн олон та бүхний сэтгэл хандиваар хүү минь өнөөдрийг хүртэл амьдрах гэж зүтгэсээр байна. Хүүг минь эрүүл болоосой гэж хүн бүхэн залбираасай” гэжээ.
Хүү дөрөвдүгээр сарын 1-нд тархины мэс засалд орсон бөгөөд мэс засал амжилттай болсон талаар аав нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Мөн тэр эмчилгээний зардалд тус нэмэр болсон Монголын ард түмэндээ талархаж буйгаа илэрхийлж байлаа.