Монгол, Франц улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 58 жилийн хугацаанд Францын талаас төрийн тэргүүний түвшинд хийж байгаа анхны айлчлал өчигдөр болсон. Төрийн тэргүүн нар эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудаар хамтарч ажиллах болсон тухайгаа хамтарсан мэдэгдлийн үеэр хэллээ.
Харин гадаадын томоохон хэвлэлүүд энэ айлчлалыг ямар өнцгөөс харж, бичиж буйг уншигч та бүхэнтэй хуваалцья. Айлчлал эхлэхийн өмнөхөн Францын Le Point Агентлаг “Э.Макроны айлчлал маш богино хугацаанд үргэлжлэх боловч энэ нь асар их бэлгэдлийн ач холбогдолтой. Энэ айлчлалаар Франц улс Монголын ардчиллыг дэмжиж буйгаа харуулж, авторитар дэглэм давамгайлсан бүс нутагт ийм замаар буюу ардчилсан дэглэмээр оршин тогтнох боломжтой гэдгийг нотлох нэг арга хэлбэр болж байна” гэж мэдээлсэн.
Айлчлалын дараа гадаадын хэвлэлүүд Монгол, Францын эрчим хүчний хамтын ажиллагааг онцолсон байна. Тухайлбал, Ройтерс агентлаг “Монгол улсын нийт экспортын 80 гаруй хувийг БНХАУ эзэлж байна. Гэхдээ байгалийн баялгаар дүүрэн энэ улс худалдаа болон уул уурхайн хамтын ажиллагааг хоёр хөршөөсөө цааш тэлэхийг эрмэлзэж, Ази, Европыг холбосон гүүр болохыг тэмүүлж байна” гэж онцолжээ. Харин Элисейн ордноос гаргасан мэдээлэлд “Долоогийн бүлгийн уулзалтаас буцах замдаа Монголд айлчилж буй нь түүхэн айлчлал болж байгаагаас гадна маш чухал ач холбогдолтой” гэснийг France 24 агентлаг мөн эш татан мэдээлсэн байна. Үүгээр зогсохгүй, Францын ерөнхийлөгчийн албаны эх сурвалж “Франц улс ОХУ-ын хөршүүдэд нөлөөлж буй хязгаарлалтуудыг сулруулахаар зорьж байгаа” гэж мэдээлсэн ба Монгол улс ч мөн Европын эрчим хүчний хараат бус байлдыг төрөлжүүлэх хүчин чармайлтад дэмжлэг болж чадна гэж итгэж буйг дээрх агентлаг онцолжээ. Энэ мэтчилэн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд Францын ерөнхийлөгчийн Монгол дахь анхны айлчлалыг мэдээлсэн ба Монгол улсын ардчилсан дэглэм, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн мөн тодотгож байв.
SOURCE: FRANCE 24, REUTERS