Монгол улсад болж буй Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад өнөөдрөөс эхэлнэ. Олимпиадад 27 баг өрсөлдөх бөгөөд Монгол Улсаас хоёр баг оролцох эрхээ аваад байна.
Олимпиадыг анх 2000 онд санаачилж, Индонез улс зохион байгуулж байжээ. Энэ удаагийн олимпиадад Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш энэ удаагийн олимпиадад оролцох юм.
Энэхүү олимпиад нь
- Физикийн боловсролын чанарыг үнэлэх, түвшинг тогтоох
- Физикт авьяастай, ирээдүйтэй хүүхэд залуусыг дэмжих, мэргэжлийн түвшинд ахих боломж олгох
- Бүс нутгийн олон төрлийн соёлтой танилцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Азийн Физикийн олимпиадыг зохион байгуулснаар:
- Физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах
- Азийн улсуудын физикийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин, сурагчдын мэдлэг, чадварын баримжаа гаргах
- Монголын физикийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Монголын физикийн шинжлэх ухааныг сонирхон судлагчдыг дэмжих, олон улсын хэмжээнд өрсөлдүүлэх боломжийг нээх юм.
Олимпиадыг зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэн оролцох боломжтой байдаг. Энэ зарчмын дагуу 16 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр хоёр баг олимпиадад эх орноо төлөөлөн оролцох гэж байна.
Сурагчдын 10 нь Улаанбаатар хотын 1, 11, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуулиудад суралцдаг бол 6 сурагч орон нутгаас шалгарсан юм. Тэд Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудаас ирж оролцоно. Олимпиадад оролцох сурагчдын хамгийн бага нь 2007 онд төрсөн бол хоёр эмэгтэй сурагч багт багтсан. Монголын сурагчдыг МУИС болон Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байна.