ОХУ-ын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэл сүүлийн хэдэн сарын турш талуудын байлдааны төв цэг болсон Бахмутыг бүрэн эзэлсэн тухайгаа мэдэгдсэн. Харин Украины ерөнхийлөгч В.Зеленский үүнийг няцаалаа.
Тухайлбал, Украины армийн хяналтад хотын захын хэсгийн хэд хэдэн барилга байгааг хэлсэн байна. Хирошимад болж өнгөрсөн “Долоогийн бүлэг”-ийн уулзалтын сүүлийн өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр В.Зеленский Бахмут хотод өнгөрсөн оны 8-р сараас хойш байлдаан өрнөж буйг онцлон тэмдэглээд, “Өнөөдрийн байдлаар л гэхэд Бахмут хот ОХУ-ын хяналтад ороогүй байна. Үнэн ийм байна, үүнийг өөрөөр буюу худал үгээр няцаах гэж оролдсоны хэрэггүй” гэж хэлжээ.
Тэрбээр мөн дэлхийн хоёрдугаар дайнд атомын бөмбөгт цохиулсан Японы Хирошима хотыг өөрийн эх оронтойгоо зүйрлэсэн байна. Тодруулбал “Тухайн үеийн Хирошима өнөөдрийн Бахмут шиг л санагдаж байна. Одоо Хирошима сэргэн босжээ. Бид өөрийн нутгаа яг ингэж л сэргээхийг хүсэж байна” гэсэн байна. Үүний дараа Украины ерөнхийлөгч Японы ерөнхий сайд Кишида Фүмиогийн хамтаар атомын бөмбгөөс болж амиа алдагсдыг хүндэтгэж, цэцэг өргөжээ.
SOURCE: BBC